“Аглаг бүтээл”-ийн хийдийн үүсгэн байгуулагч Бурханч лам Г.Пүрэвбат агсны гэрээслэл, уг хийдийн өмчлөл, одоогийн үйл ажиллагаатай холбоотой асуудал үүсээд буй. Уг асуудал болон бусад зүйлсийн талаар Бурханч лам Г.Пүрэвбат агсны охин Анхаа Ханаатай ярилцлаа.
ВИДЕО:
-Үүссэн асуудлаар яриагаа эхэлье. Аавын тань үлдээсэн гэрээслэл ямар агуулгатай байсан бэ, хэзээ уг гэрээслэлийг та бүхэнд үлдээсэн бэ?
-Анх манай дүүгийн төрсөн өдрөөр гэрээслэл үлдээж буйгаа аав минь хэлж байсан. Тухайн үед гэрээслэлийг нэг их чухал гэж бодоогүй. Гэхдээ бидэнд үүрэг, хариуцлага, ажил нэмэгдлээ гэх бодол төрж байсан. Уг гэрээслэлийн агуулга маш энгийн. Зүгээр л "хоёр охиддоо “Аглаг бүтээл”-ийн хийдийг үлдээж байна. Хийдийн үйл хэргийг минь үргэлжлүүлээрэй, өв соёлоо түгээгээрэй" гэсэн агуулгатай. Удирдах зөвлөл гэх хэсэг лам нар яагаад ингэж сенсацлаад, чухалчлаад байгааг сайн ойлгоогүй.
-“Аглаг бүтээл”-ийн хийдийн "Удирдах зөвлөл" уг гэрээслэлийг Г.Пүрэвбат агсны аав, ээжид нь ч үзүүлээгүй гэх зүйл хэлсэн байсан. Энэ юу болсон юм бэ?
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидэнд гэрээслэл бодох сөхөө байгаагүй. Бид хийдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх гэж л хичээсэн. Гэтэл эмээ маань нэг жилийн дараа өнгөрсөн. Цаг хугацааны хувьд үзэх боломж олдоогүй гэсэн үг. Харин өвөөд харуулсан. Нотариатын танхимд нэг хувь нь байгаа. Тус хувийг шүүхийн шийдвэрээр л гаргаж харуулдаг юм билээ. Гэхдээ манай гэр бүлийн гишүүд хооронд болон ах дүү нар дунд ямар ч асуудал байхгүй шүү.
-Удирдах зөвлөлийн гишүүд танай гэр бүлийг шүүхэд өгсөн гэсэн. Үнэн үү?
-Аавыг өнгөрсөний дараа нэг жилийн ойн дээр л асуудал үүсч эхэлсэн. Эхлээд бид нарыг эрүүгийн хэргээр шүүхэд өгсөн байсан. Тэгээд бүх юмыг нь шалгаж үзээд баримтууд нь нотлогдоогүй. Угаасаа бүх юм байгаагаараа, үйл ажиллагаа нь тасалдаагүй үргэлжилж л байгаа шүү дээ. Гэтэл дахиад иргэний шүүхэд өгчихсөн байсан. Одоо уг процесс дөнгөж дундаа л явж байгаа байх.
-Үндэсний их баяр наадмаар танай гэр бүлийг хийдээс хөөсөн гэх асуудал бас үүссэн байсан?
-Тийм ээ. Долоодугаар сарын 11-нд биднийг хийдээс хөөсөн. Тэр үе бидний хувьд хамгийн их ачаалалтай үе. Тэгээд арай ч ингэж болохгүй байх гээд ярилцаад л өнгөрсөн. Аглаг бүтээлийн хийдийн дараагийн удирдлага маш чухал. Бид хүний төлөө сэтгэлтэй, эгогүй, Монголоо гэх сэтгэлтэй хүн байгаасай гэж хүсэж байгаа. Харамсалтай нь тэр хүмүүсийг бид тэгж харахгүй байгаа.
-Удирдах зөвлөлийн лам нар хийдэд байдаг уу?
-Үгүй. Ер нь аавыг байхад ч нэг их удаан байрлаагүй шүү дээ. Жилдээ дөрвөн удаа тохиодог томоохон хуралд суугаад зэдээ аваад явдаг байсан. Ааваас сурах юмаа сурчихсан хүмүүс. Удирдах зөвлөл ард түмнийх байх ёстой гэсэн зүйл яриад байгаа. Бид ч гэсэн аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх гэж хичээж буй. Хийд бол угаасаа л ард түмний өмч шүү дээ. Бид хэтийн зорилго нэг байх шиг байгаа юм. Харин арга барил нь жоохон ондоо байгаад байгаа юм болов уу гэж харж байгаа. Гэхдээ бид нар шүүхээр явъя гэж огт бодоогүй. Урдах юмаа хийгээд л яваад байгаа шүү дээ.
-"ХҮН ХЭЦҮҮ ҮЕД ЗҮГЭЭР ҮҮ ГЭЖ АСУУХ ШИГ ХЭЦҮҮ АСУУЛТ БАЙДАГГҮЙ"-
-Ээжийн тань бие гайгүй юу. Ийм мэдээ сонсох хэцүү байсан байх?
-Ээжийн хүсэл бол энгийн. Аавын цэгцэлж дуусгаж амжаагүй зүйлсийг дуусгадаггүй юмаа гэхэд ядаж цэгцэлчхээд явна гэх зорилго өөртөө тавьсан. Үнэхээр биеэ хайрлахгүй, гамнахгүй ажиллаж байгаа. Манай ээж Монгол хэл маш сайн мэднэ. Энэ асуудлыг уншиж, харж л байгаа. Гэхдээ ээж "аав бид хоёр чинь үүнээс илүү дайралтыг давсан, зүгээр" гэдэг. Хүн хэцүү үед "зүгээр үү" гэж асуух шиг хэцүү асуулт байдаггүй. Ээж дүү хоёр маань хийдэд амьдарч үйл ажиллагааг нь бүрэн хариуцаж байгаа.