Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Нэгдүгээр шинэ тойрог зам төслийг хэрэгжүүлэхээр 918 сая ам.долларын зээлийн санхүүжилтэд Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг долдугаар сарын 7-ны өдөр яаралтай горимоор өргөн барьж, “чоно борооноор” гэдэг шиг Хотын дарга Х.Нямбаатар наадмын өмнө чуулган завсарлахаас урьтаж батлуулах гэж улайрсан.
-ХЯТАД, ТАЙЛАНД ЗЭРЭГ УЛСАД НЭГ КМ ТУТМЫГ 11-20 САЯ АМ.ДОЛЛАРААР БАРЬДАГ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖТАЙ АВТОЗАМЫГ МАНАЙ УЛСАД 43-52 АМ.ДОЛЛАРААР БАРЬЖ БАЙНА-
Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дэмжээд байгаа. Яаралтай горимоор орж ирсэн энэ асуудалд гишүүд маш их шүүмжлэлтэй хандсан. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох О.Цогтгэрэл, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, Г.Ганбаатар нарын гишүүд эсэргүүцэж, хатуу байр сууриа илэрхийлээд байсан. Энэ төслийг хэлэлцэхдээ гишүүдэд хэлэлцэхийн өмнөх өдөр л материалуудаа тарааж өгсөн бөгөөд гишүүдэд хангалттай танилцах хугацаа өгөөгүй, 24-хэн км автозамыг нэг тэрбум доллараар барих гэж байна, Монгол Улсын өрийн таазыг нэмэгдүүлэх энэ төсөл нэн тэргүүнд шаардалагтай юу зэргээр нэлээд шүүмжилж байсан.
Ерөөс манай улсад хаа ч байхгүй өндөр үнээр зам барьдаг. Тодруулбал, 2022-2024 онд ашиглалтад оруулсан 6 эгнээ бүхий Наадамчдын гүүр 480 метр урт нийт 78 тэрбум төгрөгөөр барьсан. 1 метр нь 163 сая төгрөгийн төсөвт өртөгтэй буюу 1 км-ийг нь 43 сая ам.доллароор барьсан гэсэн үг. Зайсангийн гүүрийг 2022-2025 онд 2 эгнээг 41 тэрбум төгрөгөөр барьсан. 1 км нь 51 сая ам.доллароор боссон. Олимпын гүүрийг 2016-2023 онд 6 эгнээтэй барьсан. 1 км нь 52 сая ам.долларын өртгөөр барьсан. Эдгээр тоо баримтаас харахад, Улаанбаатар хотод баригдсан гүүрэн байгууламжтай авто замуудын 1 км-ийн нийт өртөг 43-52 сая ам.доллар байна. Тэгвэл олон улсад гүүрэн байгууламжтай автозамын нэг километр тутмын өртгийг харахад Хятадад 20 сая.доллар, Вьетнамд 18 сая.доллар, Тайландад 11 сая.доллар байх бөгөөд бусад улсад 10-50 сая, долларын өртөгтэй байдаг байна. Гэтэл манай улсад 43-52 сая ам.доллар байгаа нь дэлхийн хаана ч байхгүй өндөр зардал аж.
-НЭГДҮГЭЭР ТОЙРОГ АВТО ЗАМЫН НИЙТ ТӨСӨВТ ӨРТӨГ 260 САЯ АМ.ДОЛЛАР БӨГӨӨД 85 ХУВЬД НЬ ЗАСГИЙН ГАЗРААС БАТАЛГАА ГАРГУУЛАХ АЖ-
Сонирхуулахад, Энэхүү нэгдүгээр тойрог авто зам төсөл нь ТЭЦ-4 авто зам, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Ард аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын авто зам, Хайлаастын гудамж, Долоон буудлын авто зам, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээний гудамж, Хилчний гудамж, Цагдаагийн Академийн Өргөн чөлөө, Дүнжингаравын гудамжийг тус тус дамжин өнгөрөх зургаан эгнээ, 26.7 км үргэлжлэх гэнэ. Ингэхдээ нийт төсөвт өртгийг 260 сая ам.доллар байхаар тооцсон бөгөөд үүний 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг ирүүлжээ.
Төслийн техникийн үндсэн үзүүлэлтийг дурдвал, нийт урт нь 26.7 км бөгөөд үүнээс 14.89 км нь хатуу хучилттай хурдны авто зам, 8.92 км нь дан болон давхар гүүрэн байгууламж, 2.08 км нь газар доогуурх туннел байна.
Төслийн хүрээнд 6 эгнээт хурдны зам, 8 байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвар баригдана. Харин энэхүү төслийн өртөг нь батлагдсан 918 сая ам.доллар бөгөөд үүнд зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, нүүлгэн шилжүүлэлт, техник хяналт, газар чөлөөлөлт, зам барилгын үндсэн ажлууд зэрэг зардлууд багтаж байна. Цаашид төслийг гурван багц болгон хэрэгжүүлэх бөгөөд эхний багцын олон улсын нээлттэй тендерийг 2025 оны наймдугаар сарын 1-ний өдөр зарлаж, бүтээн байгуулалтын ажлыг 2027 оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ.