Б.Өсөхбаяр: 177 мянга гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд 4 тээврийн хэрэгсэл тутмын 3 нь зөрчилтэй гарсан

Б.Өсөхбаяр: 177 мянга гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд 4 тээврийн хэрэгсэл тутмын 3 нь зөрчилтэй гарсан

Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" аяныг зохион байгуулсан. Уг аяны үр дүнгийн талаар болон баяр, наадмын үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр "Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" аяныг зохион байгуулсан. Орон нутгийн замд гарч буй осол гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулсан. Ослын шалтгаан болоод буй замын эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж, нийт 157 цэгт шалгалт хийсэн" гэв.

ВИДЕО:

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, холбогдох хууль тогтоомжийг сурталчилж иргэдийн энэ талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарыг дуусталх хугацаанд зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээ, мэдээллийг өргөн хүрээтэй хүргэхээс гадна гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоож, түүнийг арилгах мөн хяналт шалгалтын ажлууд хийгдсэн.

Тухайлбал, Орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эмзэг цэгүүдийг тодорхойлж, нийт 157 цэгт 403 алба хаагчийг хяналт шалгалтын үүрэг гүйцэтгүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 177.0 мянга гаруй тээврийн хэрэгсэл шалгаж, 131,142 зөрчил илрүүлсэн.

Дээрх хяналт шалгалтаар илэрсэн зөрлөөс дурдвал 3.002 жолооч согтуугаар, 1.644 жолооч эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсныг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 12 сэжигтэн, оргодол, эд зүйлсийг илрүүлж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Мөн цагдаагийн байгууллагаас шугаман эргүүлийг цагийн менежментээр зохион байгуулж, 5 төрлийн зөрчил илрүүлэгч иж бүрэн камер бүхий хөдөлгөөнт эргүүлийн  17 автомашиныг УБ хотоос гадагш 250-350 км радиуст хөдөлгөөнт эргүүлээр, хэвтээ босоо тэнхлэгийн замуудын 100 км тутамд байнгын постууд 24 цагаар ажиллуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Иймд иргэд та бүхэн орон нутгийн замд зорчихдоо:

  • Тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлэхгүй байх;
  • Хориглосон, аюул бүхий хэсэгт гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орохгүй байх;
  • Хамгаалах бүсийг дан ганц жолооч бус зорчигч бүр хэрэглэх;
  • Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
  • Түр зогсохдоо зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсох;

Эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих, туршлагагүй хүнд жолоо шилжүүлэхгүй байхыг  зөвлөж байна.