Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор стратегийн ордуудын 34-50 хувийг төрд авч, “баялгийн сан”-гийн эх үүсвэр болгоно гэж буй. Тэгвэл орд, овоолго шороо хоёроо “стратегийн орд” гэж зарим улстөрчид андуурахаа больсон цагт л Монголд уул уурхайн хөгжих болоод байна. Тиймээс ч бид уг асуудлыг хөндөж, дараах мэдээллийг бэлтгэлээ.
ВИДЕО:
Монголд уул уурхайгаас үүссэн овоолго шороо олон байгаа. Гэтэл тэдгээр овоолго шороог стратегийн ордын хэмжээнд үзэж, үнэлээд байвал уг шороог өндөр технологийн үйлдвэр барьж ашиглан, эргэлтэд оруулах аж ахуйн нэгж, байгууллага олдохгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.
Нөгөөтэй, манай улстөрчид сүүлийн 8 жилийн хугацаанд “Ашигт малтмал”-ын хуулийн зүйл заалтад 300 орчим удаа өөрчлөлтийг оруулсан. Ингэхдээ нийт 30 гаруй овоолго шороонд “Үүсмэл орд” гээд нэр өгсөн байдаг. Харин уг овоолгуудаас өдгөө гарын таван хуруунд багтах овоолго шороог л хувийн хэвшлүүд ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, олон иргэдийг ажлын байраар хангаж байгаа юм.
Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн хөрөнгөд бүртгэлтэй исэлдсэн хүдэртэй, балансын зарим овоолгуудыг ашиглан “Зэс эрдэнийн хувь”, “Эрдмин” гэсэн хоёр хувийн компани зэс гарган авч байгаа бол "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус, ядуу агуулгатай II овоолгыг түшиглэн “Ачит ихт” компани үйл ажиллагаа явуулдаг байна.
1972 онд “БНМАУ-ын ашигт малтмалын нөөцийн улсын комисс”-ын шийдвэрээр "Эрдэнэтийн орд" газарт хийсэн нарийвчилсан хайгуулаар II овоолгыг балансын бус овоолго хэмээн тодорхойлж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн нөөцийн балансаас хасаж байжээ. Мөн 1991 оны Ашигт малтмалын нөөцийн сангийн комиссын хуралдаанаар II овоолгыг "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус овоолго гэж дахин тодорхойлсон байна. Анх "Эрдэнэт үйлдвэр"ийн II овоолгыг ядуу агуулгатай, эдийн засгийн үр өгөөжгүй “ямар ч ашиггүй” гээд балансын бус гэж байсан аж. Харин 2014 онд “Ачит ихт” компани ядуу агуулгатай овоолгоос гедрометалл уургийн аргаар катодын зэс буюу тунгаамал зэс гарган авч эхэлсэн байгаа юм. Товчхондоо, балансын болон балансын бус хүдрийн хувьд боловсруулахад балансын бус хүдэр нь технологийн хувьд хүндрэлтэй, санхүүгийн хувьд өндөр зардалтай байдаг байгаа юм.
-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАРИМ ОВООЛГУУДААС ОДОО Ч ХҮЧИЛЛЭГ НОГООН УС ГАРЧ, ЭРСДЭЛ ДАГУУЛСААР БАЙНА-
"Эрдэнэтийн үйлдвэр"-ийн технологид тохирохгүй исэлдсэн хүдэртэй балансын овоолгуудыг ашиглаж байгаа "Зэс Эрдэнийн хувь", "Эрдмин" компаниуд, мөн ядуу агуулгатай, балансын бус II овоолгыг ашиглаж байгаа "Ачит ихт" компаниуд "Эрдэнэт үйлдвэр"-ийн овоолгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, “баялаг” болгосноор улс, орон нутгийн төсөв, "Эрдэнэт үйлдвэр"-т өдгөө 2 их наяд гаруй төгрөгийн татвар, хураамжийг төлж, 1000 орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Хэрэв эдгээр компаниуд "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын, балансын бус овоолгуудыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулаагүй байсан бол магадгүй Эрдэнэтийн тус овоолгууд өнөөдөр ч орхигдсон хэвээрээ байх байсан.
Энэ бол хог шатааж, эрчим хүч гаргах технологийг нэвтрүүлсэн Нью Йорк зэрэг томоохон хотуудын жишээтэй тун төстэй байгаа юм. Хаягдлыг ашиглахгүй бол энэ хог хэвээрээ л байна. Харин хаягдлыг ашиглаж эхэлсэн цагт л энэ нь “баялаг” болдог байна.
"Ачит ихт" компанийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус энэхүү II овоолгыг ашиглаж эхлэхээс өмнө энэ овоолго шороо олон жил нар салхинд хэвтэж, цас борооны усанд нэвчсэний улмаас овоолгын ёроолоос хүчиллэг ногоон ус гарч, хүн амьтан, байгальд сөрөг нөлөө үзүүлж байсан байгаа юм. Харин өдгөө “Ачит ихт” компани II овоолгыг ашиглаж эхэлснээр энэ овоолгоос гарч байсан хүчиллэг ногоон усны урсац бүрэн зогсжээ. Хамгийн ноцтой нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн ашигладаггүй зарим овоолгуудаас одоо ч хүчиллэг ногоон ус гарч, байгаль орчинд сөрөг муу нөлөө үзүүлэх эрсдэл байсаар байна. Иймд эрсдэлийг бууруулахын тулд их хэмжээний зардал гаргаж, цөөрөм барьдаг байгаа юм.
-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫГ АШИГЛАЖ БУЙ КОМПАНИУД ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БУЮУ КАТОДЫН ЗЭС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА-
Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч дэлхийн топ 20 орны тоонд багтдаг атлаа зэс үйлдвэрлэдэг 20 орны тоонд багтаж чаддаггүй. Учир Эрдэнэт, Оюутолгой гэсэн компаниуд баяжмалаар нь хямд үнээр экспортод гаргадаг. Харин Эрдэнэтийн балансын, овоолгыг ашиглаж байгаа Зэс эрдэнийн хувь, "Эрдмин" компаниуд мөн "Эрдэнэт"-ийн балансын бус II овоолгыг ашиглаж байгаа компаниуд эцсийн бүтээгдэхүүн буюу катодын зэс үйлдвэрлэн экспортод гаргаж байна. Үнэндээ, олборлолтоос боловсруулалт руу шилжье гэсэн төрийн бодлогыг өдгөө эдгээр хувийн хэвшлүүд л хэрэгжүүлж байна.
Учир нь 25 хувийн зэсийн агуулгатай бор шороо нэг тонн нь 2200 ам.доллароор зарагдаж байгаа бол нэг тонн катодын зэс 8800 орчим ам.доллароор дэлхийн зах зээл дээр худалдаалагдаж байна. Энэ нь зэсийг баяжмалыг боловсруулж гаргавал өндөр өртөгтэй болж их хэмжээний доллар монголд ирэх боломж байгаа ч харуулж байна.
Харин өдгөө Эрдэнэтийн балансын, балансын бус овоолгыг ашиглаж байгаа хувийн компаниуд чадах, ядахаараа зэс боловсруулах үйлдвэр барьж, ажлын байр бий болгон их хэмжээний татвар төлж хувь нэмрээ оруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Магадгүй тэд “баяжмал”-аар экспортод гаргавал үйлдвэр барьсан хөрөнгөө ч нөхөж чадахгүй.
-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫГ АШИГЛАХААР СУДАЛЖ БАЙСАН АНГЛИЙН КОМПАНИЙН "ЭРСДЭЛТЭЙ" ГЭЭД ОРХИОД ЯВСАН ТӨСЛИЙГ МОНГОЛЧУУД ҮРГЭЛЖЛҮҮЛЖЭЭ-
"Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус хоёрдугаар овоолгыг ашиглахаар 2006 оноос эхлэн судалж байгаад эрсдэлтэй гээд орхиод явсан Английн “Centrel Asia Metals” компани өдгөө Казахстан улсад хүдрийн овоолго ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Тэд Эрдэнэтийн II овоолгыг ашиглана гэж байхдаа эрсдэлээс сэргийлж эхлээд жижиг үйлдвэр бариад туршина, ажилттай болбол жилдээ 10 мянган тонн зэс үйлдвэрлэх чадалтай үйлдвэр барих төлөвлөгөөтэй байсан гэдэг.
Мөн Англичууд үйлдвэр барилаа гэхэд II овоолгоос гадна 20 жил ажиллах өөр овоолгуудын дугаар, хэмжээ, байршлыг GPS дээр тодорхойлж гэрээнд тусгахыг "Эрдэнэт үйлдвэр"-ээс шаардсан байна. Гэсэн ч Эрдэнэтийн удирдлагууд “чадахгүй” гэсэн тул Англичууд технологи болон нөөцийн “эрсдэлтэй” төсөлд 1 фунт стерлинг ч оруулахгүй гэсэн чиглэлийг төвөөсөө аваад Казахстан улсыг зорьсон байдаг. Харин Английн компанийн “эрсдэлтэй” гээд орхиод явсан төслийг “Ачит ихт” компани үргэлжлүүлсэн гэдгийг тэр бүр хүн мэддэггүй.
Харин Эрдэнэтийн овоолгыг орхиод Казахстан улсад ирсэн Английн “Centrel Asia Metals” компани Казахстаны “Казахмыс” үйлдвэрийн хаягдал овоолгыг түшиглэн зэс боловсруулах “Конрад” үйлдвэрийг ашиглалтад оруулсан байгаа юм.
Тэдний үйлдвэр энд ашиглалтад ороход Казахстаны Ерөнхийлөгч асан н.Назарбаев баяр хүргэж байжээ. Товчхондоо, Казахстан улс уул уурхайн салбараа төрийн бодлогоор дэмжиж, үйл ажиллагааг нь тогтвортой явуулдаг тул Английн “Centrel Asia Metals” компани Лондонгийн металын бирж дээр хувьцаагаа гаргаж чадсан байна. Казахстан улс уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог тэргүүлэгч орны тоонд багтдаг болоод байгаа. Үүний тулд Казахстан уул уурхайн тоног төхөөрөмжийг импорт, гаалийн хураамжаас чөлөөлж дэмждэг бол төрийн өмчит компани нь геологийн судалгаа хийж, дотоодын компаниудаа ч судалгаагаар хангаж, шинээр ашиглалтад орох уурхайн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дэмжих гээд уул уурхайн компаниудаа бүх талаар дэмждэг байгаа юм. Иймд уул уурхайгаа дэмжиж, улс төрөөс салгаж, гадаадын хөрөнгөө оруулалтыг дэмжвэл Казакстан шиг Монгол Улс хөгжих боломж ч байна.