Өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сард Монгол эмэгтэй Торгоны зам буюу 30 мянга орчим км газраар мотоциклтой аялах зорилго тавьж, амжилттай замаа дуусгасан анхны монгол эмэгтэй болсон юм. Энэ бүсгүйг Н.Оргилмаа гэдэг.
Тэрбээр Торгоны замын аялалд гарахаасаа өмнө өөрийгөө хавдартай гэдгийг мэдэж байсан ч мөрөөдлийн аялалдаа явахын тулд зориг гаргаж, замаа амжилттай дуусгажээ. Гэтэл замын явцад өвчин нь даамжирч, нэлээд хүндэрсэн бөгөөд саяхан Япон руу эмчилгээнд яваад ирсэн юм. Ингээд түүнтэй аяллынх нь талаар ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Мотоцикл хэзээнээс унаж эхэлсэн талаар нь яриагаа эхэлье?
-Мотоциклтой холбогдоод 17 гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна. Эхэлж хоббигоороо унадаг байсан бол сүүлдээ аялах сонирхолтой болоод 2017 оноос эхлэн Монгол орноор аялж эхэлсэн. 2022 онд Монгол Улсаа тойрч дуусгасан. Багадаа хурдан морь унадаг байсан учраас хурд, хүч, салхи мэдрэх нэлээд дуртай байсан. Тиймдээ ч мотоцикл унаж эхэлсэн байх гэж боддог.
-Торгоны замын аялалд гарч, замаа амжилттай дуусгасан анхны монгол эмэгтэй боллоо. Энэ аяллыг хэзээнээс төлөвлөж байв. Мөн нийт хэдэн өдрийг зарцуулсан бэ?
-Торгоны замын аяллыг эхлэхдээ бага зэрэг айдастай байсан ч гэсэн өмнө нь ганцаараа аялаад нэлээдгүй туршлага хуримтлуулчихсан байсан учраас маш сайн төлөвлөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 20-нд аялалдаа гарсан байдаг. Нийт 70-н өдөр явж, 27 мянга гаруй км замыг туулсан. Аялалд гарахаасаа өмнө маш богинохон хугацаанд төлөвлөгөөнүүдээ боловсруулсан.
-Мотоциклтой явсан учраас цаг агаарын нөхцөл нэлээд хүнд туссан болов уу. Хаана хамгийн хэцүү цаг агаартай байв?
-Дөрөвдүгээр сарын 20-нд Монголоос гарсан шүү дээ. Цаг агаарын хувьд ч нэлээд тогтворгүй байсан үе л дээ. Монголын нутгаас гаран гартал маш хүчтэй цасан, шороон шуургатай таарч, хэцүү цаг үеүүдийг өнгөрүүлсэн. Ингээд хэд хоног явсны эцэст Монголынхоо хилээр гарсан байдаг юм. Цааш Алматы орох үед ч цаг агаарын нөхцөл чанга л байсан даа.
-Ганц эмэгтэй хүн хол замд аялахад техникийн асуудлаас эхлээд нэлээд хүндрэл тулгарч байсан болов уу?
-Аялалд гарахаасаа өмнө 0 км гүйлттэй шинэ мотоцикл авсан учраас асуудал гараагүй ч гэсэн явц дунд дугуй хагарах гэх мэт урьдчилан тооцоолох боломжгүй асуудлууд үүсэж байсан.
Элсэн цөлд бараг 40 градусын халуунд дугуй хагараад яах ёстойгоо мэдэхгүй байсан үе ч байсан. Дугуйгаа задлахаас эхлээд л эмэгтэй хүний хувьд хүндрэлтэй олон зүйл байсан л даа.
-Очсон гадаад орны хүмүүс хэрхэн хүлээн авч байв?
-Монголоос ирсэн, ганцаараа аялагч эмэгтэй гээд л хүн бүр туслахыг хичээж байсан.
-Маршрутын хувьд хамгийн хэцүү зам хаан тулгарав?
-Өдөржингөө уулын бартаатай зам дундуур бороонд явах нэлээд хүндрэлтэй байсан. Гэхдээ бүх цаг үед тулгарсан асуудлаа өөрөө л зохицуулахаас биш хэнд нэгэнд найдаж энэ аялалд гараагүй л байхгүй юу.
-Аяллын замд тань багагүй саад бэрхшээл тулгарч байсныг саяхан та олон нийтэд дуулгасан. Аялалд гарахаасаа өмнө энэ талаараа өөрөө мэдэж байсан уу?
-Хавдартай болсноо аялалд гарахаасаа өмнө мэдэж байсан. Гэхдээ хүнд шатандаа орчихсон байна гэж огт төсөөлөөгүй. Арай ч тийм муу зүйл болчихгүй байлгүй дээ гэж бодоод байсан л даа. Ямартай ч энэ аялал бол миний мөрөөдлийн аялал байсан учраас аяллаа дуусгаж ирээд эмнэлгээр явж, үзүүлнэ гэж бодсон. Аяллын явцад нэлээн өвдсөн, тэвчсэн, тэссэн, уйлсан. Гэхдээ ганцаараа юм чинь уйлаад яах вэ дээ. Шүдээ зуугаад л өнгөрсөн.
Тэгээд аяллаа дуусгаад Монголын хил рүү орж ирээд шууд шинжилгээ өгөөд, хариугаа харсан чинь нэлээд хүндэрчихсэн байсан. Түүнтэй давхцаад хүмүүсийн дайралтууд гэхчилэн хүнд цохилтууд орж ирж байсан.
Мөн ажил маань ч зогсчихсон байсан л даа. Ямартай ч эхний ээлжинд биеэ л эмчилье гээд Япон орныг судалсан. Аялалд яваад мөнгө санхүүгийн асуудалтай байх үед эрүүл мэндийн асуудалтай болж ахиад л мөнгө босгох хэрэгтэй болсон. Гэхдээ чадсан. Хагалгаандаа ороод маш олон химийн эмчилгээ, туяа эмчилгээнд орж нэлээдгүй ядарсан л даа. Гэхдээ намайг хүлээж байгаа гурван охин маань байгаа болохоор яалт ч үгүй эрүүл саруул болоод ирэх ёстой л гэсэн зорилготой, сэтгэлийн тэнхээ гаргаж эмчлүүлээд эх орондоо ирсэн.
-Мотоцикл нь одоо бий юу?
-Мото сонирхогчдын клудууд хамтраад хандивын сугалаа явуулж, аяллын өмнө авсан шинэ мотоциклыг маань зарж өгсөн. Түүнээс олсон мөнгөө миний химийн эмчилгээнд нэмэрлэсэн. Өчигдөр мотоциклоо шинэхэн эзэнд нь гардуулж өгчихөөд ирлээ. Ер нь өвчин гэдэг чинь хэлж ирдэггүй. Гэхдээ юу ч болж байсан миний мөрөөдлийн аялал учраас өөрийн хүчээр, нэг ч хүнээс тусламж дэмжлэг авахгүйгээр замаа дуусгахыг зорьж, Монгол эмэгтэй хүн ямар хүчтэй, хатуужилтай байдаг вэ гэдгийг харуулъя гэж бодсон.
-Шантрамаар үе байсан болов уу?
-Надад хэцүү үеүүд зөндөө байсан. Гэхдээ тэр бүхнийг хэцүү гэж огт бодоогүй. Энэ бол аяллын адал явдал л гэсэн өнцгөөс харсан. Би нэг ч шантраагүй. Яагаад гэвэл үүнээс өмнө маш олон замаар яваад үзчихсэн, Вьетнамаар, Кавказын уулаар, ширүүн бороо, цаснаар, халуу шарсан нарнаар гэх зэрэг байгалийн олон хүнд хэцүүг даваад туулсан. Энэ бол миний сонгосон зам. Нэгэнт сонгочихсон учраас энэ замаар л явах ёстой. Үүнээсээ би аз жаргалыг мэдэрдэг.
-Анх аялалдаа хоёулаа гарсан. Гэхдээ ганцаараа замаа дуусгасан. Ямар асуудал үүссэн талаар ярьж болох уу?
-Хоёр эмэгтэй хүн гарсан. Гэхдээ амьдрал заавартай ирдэггүй. Бид хоёр тараагүй. Болоогүй. Хүлээсэн. Сүүлдээ хоёр тийшээ салсан. Гэхдээ надад хүлээх хангалттай цаг хугацаа байгаагүй. Учир нь миний бие муу байсан. Аяллаа дуусгаад Монголд ирэхэд тэр явдлаас улбаалаад маш их дайралтууд ирсэн. Хэцүү байсан гэвэл надад ч хэцүү байсан шүү дээ. хүмүүс янз бүрээр намайг ярьдаг л байх. Гэхдээ бүх хүнд би өөрийгөө тайлбарлах шаардлага байхгүй гэж боддог.
Миний өчнөөн шавь нар, ойр дотныхон маань хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэж байгаа учраас үүнийг хүн болгонд тайлбарлаад байх шаардлагагүй.
-Эргээд харахад энэ урт хугацааны аяллаасаа хамгийн их сурч мэдсэн зүйл нь юу байна вэ?
-Аялал маань 70 хоног маань үргэлжилсэн. Энэ хугацаанд энэ их замыг туулахдаа маш их зүйлийг эргэцүүлж бодлоо. Ганцаараа, өөрөө, өөртэйгөө, каскан дотроо ярилцсан. Юу хийж бүтээх вэ, цаашид юу хийх эсэх талаараа ихээхэн эргэцүүлж бодох боломжтой байдаг шүү. Мөн замын соёл гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгож авлаа. Дүрмээ ягштал биелүүлдэг жолооч болоод л ирсэн дээ.
-Та аялалаасаа өөр ямар ажил хийдэг вэ?
-Аялалынхаа хажугаар мото спортын сургалт ордог. Одоогийн байдлаар 1000 гаруй шавь нар бий. Дандаа л надаас урам зориг авдаг гэж ярьцгаадаг. Харин мото аялал нь гэр бүлд зориулсан байдаг. Сургалт маань одоо гуравдугаар сард эхэлнэ. Сургалтанд маань сууж мундаг бэлтгэгдээд надтай аялалуудад маань хамт явж болно.
-Тантай ижил төрлийн сонирхолтой ч зориглохгүй байгаа хүмүүст хандаж юу гэж хэлэх бол?
-Аяллын талаар бодож л байгаа бол яриад өнгөрөх биш хий. Зориглоод мотоциклоо аваад, хэрэгслүүдээ ч авчих. Тэгээд над дээр ирээд зөвлөгөө тусламж авъя гэвэл би нээлттэй.
-Ойрын төлөвлөгөө юу байгаа вэ?
-Би ер нь нэг аялалд явж ирээд л шууд дараагийнхаа аяллыг төлөвлөдөг. Энэ удаад маш том зорилго тавьчихсан байгаа. Тэр нь мэдээж гаднын орон. Ирэх есдүгээр сард явах төлөвтэй байна. Цаг нь болохоор та бүхэнд мэдэгдэнэ.
-Ярилцсанд баярлалаа.