Сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлыг хэлэлцэхээр товлосон ч Б.Жавхлан сайдын хүсэлтээр хойшлууллаа

Сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлыг хэлэлцэхээр товлосон ч Б.Жавхлан сайдын хүсэлтээр хойшлууллаа

2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр сэтгүүлч Ч.Лодойсамбуу нь  Үндсэн хуулийн цэцэд "Засгийн газраас гаргасан шийдвэр тэр дундаа хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд нь хүний жам ёсны эрхийг зөрчиж, Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчиж байна" гэх агуулгаар гомдол гаргасан.  

Тухайн үед сэтгүүлч Ч.Лодойсамбуу нь "Бид үндсэн гурван асуудлын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Дээрх хуулиуд хэрэгжиж эхэлснээр Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа.

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хүүхдийн мөнгийг орлого хамаарч өгдөг болсон. Үндсэн хуульд хүнийг аж байдал, хөрөнгө чинээ, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй байна гэж тодорхой заасан. Гэтэл энэ заалтыг зөрчиж байна. Хүүхэд л бол хүүхэд. Тэр хүүхэд эцэг, эхээ сонгож төрөхгүй.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар орлогын хэмжээнээс шалтгаалаад татвар ногдуулах талаарх зүйл заалтыг нэмсэн. Үндсэн хуулийн хоёр төрлийн зөрчил үүсэж байна. Тодруулбал, хүнийг орлого, өмч хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхаж, хувь хүний эрхэд шууд халдаж байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүний эд хөрөнгөд халдаж, нэгждэг боломж нь бий болчихож. Засгийн газар болон татварын албанаас "Зөвхөн цалингийн орлоготой холбоотой" гэж мэдээлсэн. Гэвч Татварын ерөнхий хуулийн заалт бүрийг нь ороод харвал "цалин ба бусад бүх орлого" багтаж байна. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол иргэнийг торгоно. Бүх орлогоо нотлохыг шаардах нөхцөлийг хуулиар бий болгосон" гэж байсан юм. 

Тэгвэл өнөөдөр /2024.06.14/ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар түүний гомдлыг хэлэлцэх байсан ч Сангийн сайд Б.Жавхлангаас УИХ-ын ээлжит сонгууль дууссаны дараа хэлэлцэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасныг хүлээн авч хойшлууллаа. Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу "Үндсэн хууль гээд жижигхэн ном бий. Энийг ерөөсөө барьж хэрэгжүүлэхээ больсон. Үндсэн хуульд 2022 оны арваннэгдүгээр сард өөрчлөлт орж, 2023 оны нэгдүгээр сард гурван заалттай мэдээлэл Үндсэн хуулийн Цэцэд өгч байсан. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож Үндсэн хууль зөрчиж байна, шаталсан татвар хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж байна, Хувь хүний орлогын албан татварын хуульд оруулсан өөрчлөлт хувь хүний халдашгүй дархан байлгах жам ёсны эрхэд шууд халдаж байна гэсэн. Тиймээс Үндсэн хуулийн Цэцээс хүүхдийн мөнгөний асуудлаар ялгаварлан гадуурхсан байна гэж үзээд хурал зарласан. Тэгж байхад Засгийн газар шийдвэрээ өөрчилж, бүх хүүхдэд өгдөг болсон. Дараагийн асуудал нь татварын байцаагч нар хүний дансыг хуулиараа шууд нэгжих эрхтэй болсон. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр хэлэлцүүлэхээр товлосон юм. Иргэн өөрөө мэдсэн, мэдээгүй татварын ямар нэгэн асуудал үүсэхэд байцаагч нийтэд дэлгэх боломжтой болсон. Үндсэн хуулийн Цэцээс зарласан хуралд Сангийн сайд Б.Жавхлан ирсэнгүй. Сайд өөрөө маш сайн энэ асуудлыг мэдэж байгаа. Хувь хүний орлогын албан татвар, татварын шаталсан нэмэгдэлтэй холбоотой асуудлыг эрх баригчид маш сайн мэдэж байгаа. Бид нэг жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцэд хандсан гэв.