Хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Хэрэглээний барааны үнийн индекс өмнөх сараас 0.8 хувиар өсөж, өсөлтийн хурд 4.9 нэгж хувиар саарсан талаар Статистикийн хорооноос мэдээллээ.

Түүнчлэн инфляц дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн байна. Хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.8 хувиар өсөж, өсөлтийн хурд 4.9 нэгж хувиар саарсан. Инфляц улсын хэмжээнд жилийн 6.4 хувьтай гарахад 39.5 хувийг хүнсний бараа ундаа, усны бүлэг, хувцас бөс бараа, гутлын бүлгийн үнэ 10.5 хувийг, боловсролын үйлчилгээний үнэ 11.1 хувийг бүрдүүлсэн нь хамгийн өндөр нөлөөтэй байна.

Инфляцад хамгийн өндөр нөлөөтэй байдаг мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөн бол талх, гурил будааны үнэ 12.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо тодотгов. Энэ дундаа үхрийн махны үнэ найман хувиар, гурилын үнэ 16.3 хувиар тус тус өсжээ. Өмнөх оны мөн үеийн статистик үзүүлэлтүүдтэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хурд 0.8 хувиар саарсан байна. Хэдий тийм боловч зудын улмаас хорогдсон малын тоо өмнөх жилүүдээс нэмэгдэж, махны экспорт бараг хийгдээгүй бөгөөд дөрөвдүгээр сараас нөөцийн махыг худалдаанд гаргаад байгаа юм.

Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд инфляцад импортын барааны үнийн нөлөө харьцангуй буурч байна. Дөрөвдүгээр сард 6.4 нэгж хувийн инфляцын 2.2 нэгж хувийг импортын барааны үнэ бүрдүүлж байгаа нь найман хувиар буурсан үзүүлэлт боллоо. Үүнд шатахуун түлшний үнэ харьцангуй тогтвортой байгаа нь нөлөөлжээ. 2024 оны эхний улирлын тайлангаар ирэх нэг жилийн хугацааны инфляцын хүлээлт Монголбанкны зорилтот түвшнээс дээгүүр буюу 10.6 хувьтай байна. Энэ нь 2023 оны мөн үеийн судалгааны үр дүнгээс нэг пунктээр илүү байгаа юм.

Үнэ өснө гэсэн хүлээлттэй иргэдийн хувь 76 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 18 пунктээр их байна. Мөн үнийн түвшин өөрчлөгдөхгүй гэсэн хариулт дөрвөн пунктээр буурсныг “NRCC” судалгааны байгууллага тодотголоо. Эдийн засагчдын хувьд сонгуулийн жил болж байгаа тул бэлэн мөнгө тараалт нэмэгдэх, төсвийн зардал тэлсэн зэрэг сорилтууд хадгалагдаж байгааг анхааруулсан юм.