Ховор амьтны жагсаалтад багтсан "Алтайн хойлог" агнасан гэмт хэргийг илрүүллээ

Ховор амьтны жагсаалтад багтсан "Алтайн хойлог" агнасан гэмт хэргийг илрүүллээ

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр хяналт шалгалт явуулахад иргэн Ө нь "Toyota Lexus-600" маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар ан амьтан тээвэрлэж явсныг илрүүллээ.

Тодруулбал, тухайн иргэн нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан "Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнасан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоож, эд мөрийн баримтаар хураан авч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 217 мянган төгрөгөөр тогтоосон бөгөөд хуульд заасны дагуу уг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалттай. Харин Эрүүгийн хуулийн 24.5.1 дугаар зүйлд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.