Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хороо, Багатойруу орчмын 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэрийг нийслэлийн ЗДТГ-аас гаргаж, 2025 оны наймдугаар сарын 4-нд “Азийн идэр цамхаг” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан байна. Үүний дагуу өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн.
Гэвч оршин суугчдын дундаас нэг айл дахин төлөвлөлтийн нөхцөл дээр тохиролцоонд хүрээгүй бөгөөд тухайн байрны хоёр хажуу талыг нурааж, дунд нь үлдээсэн зураг олон нийтийн сүлжээнд тархаж, анхаарал татсан юм. Тус байрны оршин суугч иргэн Г.Хүрэлсүх 2025 оны есдүгээр сард уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тэрбээр “Шүүх маргааныг эцэслэн шийдээгүй байхад манай байрыг нураасан” хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл шүүхээс түүний нэхэмжлэлийг хангаж, өмчийг нь нураах гэж оролдсон үйлдлийг буруу гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний өмчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн байна.