“Ардын намын дарга УИХ-ын толгой дээр гарч суугаад даргалахгүй” гэсэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шаардлага Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, улмаар Н.Учралыг Ерөнхий сайд болоход хүргэлээ.
АН-ын бүлгийн уг шаардлага холын улс төрөө бодоогүй, харин дотоод сонгуулийнхаа үеэр намын гишүүддээ “парламентад бяртай” гэдгээ харуулах гэсэн байж магадгүй байгаа. Учир нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өдөр бүр л “хэзээ хуралдаа суух вэ” гэж О.Цогтгэрэл даргаасаа асууж, “ирэх долоо хоногт хуралдаа сууя” гэж дор бүрдээ төлөвлөж байсан юм билээ. Тодруулбал, Даваа гараг /2026.03.30/ хүртэл Г.Занданшатар хүлээсэн бол УИХ дахь АН-ын бүлэг хуралдаад “татвар, шатахуун зэрэг чухал асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын чуулганы хуралдаа сууна” гэсэн шийдвэрийг гаргах байсан ч байж магадгүй.
Нөгөөтэй Ардын намын дарга Н.Учралаас өөр Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж гэсэн УИХ-ын дэд дарга нар “гал намжих” хүртэл УИХ-ын чуулганы хурлаа удирдаад явах боломж ч байсан. Гэтэл тэдний хэнээр нь ч УИХ-ын чуулганыг Н.Учрал удирдуулсангүй.
-Д.АМАРБАЯСГАЛАНД АН АШИГЛАГДАВ-
Өөрөө парламентад 68 гишүүнтэй, найман гишүүнтэй ХҮН, дөрвөн гишүүнтэй ИЗНН-тай засгийн газартаа хамтарсан МАН-ыг УИХ-д 80 суудалтай гэж тоолох нь зүйн хэрэг. Энгийн олонх буюу 64 гишүүнээр ирц нь бүрдээд хуралдах ёстой УИХ-ын чуулганы хуралдаан АН-ын бүлгийн 42 гишүүдээр дутахгүй гэсэн үг. Гэтэл УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй, хуралдаж чадахгүй байгаад “АН-ын бүлэг буруутай” хэмээн сүүлийн 14 хоног хэвлэлд ярьсан МАН-ын бүлгийн гишүүд өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх болохоор бүгд хуралдаа сууж, Ардчилсан намын гишүүдгүйгээр ирцээ бүрдгүүлчхэж байна.
Учир нь АН-ын бүлгийн шаардлагад “Ардын намын дарга Н.Учрал УИХ-ын чуулганыг битгий удирдаад бай” гэсэн болохоос “Ерөнхий сайд Г.Занданшатар огцор” гээгүй. Энэ утгаараа түүнийг АН биш МАН өөрөө огцруулчхаж байгаа юм.

АН-ын бүлгийн гишүүдийн хуралдаа суухгүй байгааг ашиглан Д.Амарбаясгалан болон Л.Оюун-Эрдэнэ хоёрын 21 гишүүн УИХ-ын чуулганы хуралдаа орохгүй байсан нь ирц бүрдэхгүй байх гол шалтгаан болсон.
Иймээс МАН-ын удирдлагууд Д.Амарбаясгалантай тохирч, “түүний хүрээллээс Засгийн газарт хоёроос дөрвөн сайд томилох эсвэл түүний хүмүүсээс УИХ-ын даргыг сонгох” гэсэн тохироонд хүрч, өчигдөр /2026.03.27/ УИХ-ын чуулганы ирцээ бүрдүүлж, Г.Занданшатарыг огцруулсан байна.
Харин маргааш /2026.03.29/ “Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх” асуудлыг МАН-ын Бага хурлаараа хэлэлцэж, хэнийг УИХ-ын дарга болгохоо ирэх долоо хоногт МАН-ын бүлгийн хурал дээрээ шийдвэрлэнэ. Цаашлаад Н.Учралын Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрс ч зурагдана. Тэгвэл энэ бүхэнд Д.Амарбаясгалан голлон оролцох нь. Харин Л.Оюун-Эрдэнийг тоглоомоос бүр мөсөн гаргаж, МАН түүнийг дахин намын бодлогодоо оролцуулахгүй байх төлөвтэй байна.
-ҮНЭД ОРСОН Д.АМАРБАЯСГАЛАНГ МАН-ЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАЖ ЧАДАХГҮЙ-
Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж, МАН-ын гишүүнчлэлээс хөөгдөхдөө тулаад буй Д.Амарбаясгалан сүүлийн үед “нүүр дүүрэн инээмсэглэлтэй” Төрийн ордонд алхах болсон нь түүнтэй МАН-ын удирдлагууд тохирч, "үнэд орсон"-той холбоотой.
Түүнийг "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих", "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Мөн Д.Амарбаясгалангийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг Улсын Ерөнхий Прокурорын газраас парламентад ирсэн байж ч магадгүй.
Нөгөөтэй, хоёрдугаар сарын 27 /2026.02.27/-ны өдөр болсон МАН-ын Бага хурлын үеэр авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан болон Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон Х.Булгантуяа нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй” гэж намын дарга Н.Учрал мэдэгдсэн. Иймээс МАН-ын Хяналтын хороо Д.Амарбаясгалан нарыг намын гишүүнчлэлээс чөлөөлөх процессыг эхлүүлсэн байдаг.
ВИДЕО: МАН-ын дарга Н.Учралын мэдэгдэл
Харин Л.Оюун-Эрдэнэд “үнэд орж” байсан шигээ Д.Амарбаясгалан өдгөө МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт нарт “үнэд орлоо.” Иймд түүнийг МАН-ын гишүүнчлэлээс чөлөөлөх нь үү, түүнийг холбогдуулан шалгаж буй хэргүүд хэрхэн үргэлжлэх зэргийг харах л үлдэж байна.