Ганжуур эрдэнийн эш лүнгийн айлдвар маргааш эхэлнэ

Ганжуур эрдэнийн эш лүнгийн айлдвар маргааш эхэлнэ

“Ганжуурын эш лүн” гэдэг нь Бурхан багшийн айлдсан сургаалийг дамжуулж, хүч оршлыг нь хүртээх номын онцгой зан үйлийг хэлнэ. Энэ нь багшаас шавьд аман хэлбэрээр уламжлагдаж ирдэг бөгөөд тухайн сургаалийн дамжлага тасраагүй байх нь маш чухал.

Бурхан багш 45 жилийн турш сургаалаа айлдсаар, 81 насандаа нирваанд орсон. Түүний дараа 500 архад шавь нар нь цуглаж, сургаалийг гурван ангид хуваан анх эмхэтгэжээ:

  • Судрын аймаг – Ананда архад
  • Винайн аймаг – Убали архад
  • Авидарма аймаг – Махагашиб архад

Тэд бурхан багшийн сургаалийг цээжээр, үг үсгийн алдаа мадаггүйгээр уншиж, бусад шавь нар нь тулган баталсан байдаг. Тухайн үед бичиг үсэг дэлгэрээгүй байсан тул сургаал нь цээжээр дамждаг байв. Түүхэнд бурханы сургаалийг гурван удаа эмхэтгэснээс гурав дахь удаад буюу нирваанаас хойш 300 жилийн дараа анх бичиг үсэгт буулгаж ном болгон хэвлэсэн гэж үздэг. Тэр цагаас хойш эш лүнг уламжлуулах, дамжуулах уламжлал бурханы шашинд тогтсон. Эш лүн гэдэг нь номын хүч оршлыг амьд багшаас шавьдаа дамжуулах, авшиг хүртээх үйл юм. Иймээс “Ганжуурын эш лүн” нь зөвхөн судар төдийгүй дамжлага, хүч оршлыг хамтад нь хүртээдэг нандин зан үйл бөгөөд энэ уламжлал өнөө цагт дахин сэргэж байна.