Жолоочийн даатгалын сангийн мөнгө ЮУНД зарцуулагддаг вэ

Жолоочийн даатгалын сангийн мөнгө ЮУНД зарцуулагддаг вэ

Сүүлийн үед цахим орчинд ЖДҮХС гэдэгтэй адил Жолоочийн даатгалын сан гэх сан бий. Тус сан нь улсын төсвөөс болон жолоочийн автомашины татварын 10 хувийг аваад сууж байдаг мөртөө ямар үйл ажиллагаа явуулж, юу хийдэг нь тодорхойгүй тул татан буулгах нь зүйтэй гэсэн санал шүүмжлэл гараад байгаа юм.  Иймд бид энэ удаад Жолоочийн даатгалын сан гэж юу вэ, хаанаас санхүүждэг, ямар чиг үүрэгтэй тухай мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

-АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО-

Албан журмын даатгагчдын холбоо нь “Жолоочийн даатгалын тухай” хуулийн  хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчинг бүрдүүлэх, гишүүн даатгагчдын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тус хуулийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог идэвхжүүлэх, чадавхийг бэхжүүлэх, олон нийтэд албан журмын даатгалын талаар мэдлэг олгох, мэдээллийг түгээх зорилго бүхий үйл ажиллагаа явуулна. Үүний тулд дараах мэргэжлийн боловсон хүчинтэй удирдлагын нэгжүүд ажиллаж байна.

Даатгалын сан, Шуурхай алба, Мэдээллийн сан, Захиргаа хуулийн хэлтэс гэсэн удирдлагын нэгжүүдтэй аж. Албан журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирлаар Д.Цэвээнжав ажилладаг байна.

Даатгалын сан нь: Жолоочийн даатгалын санг бүрдүүлэх,  нөхөн төлбөр олгох, буцаан нэхэмжлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлaх, даатгагч, даатгуулагч нарт заавар зөвлөгөө өгөх болон албан журмын даатгалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажилладаг.

-ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНД САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ
ХОРОО ХЯНАЛТ ТАВЬДАГ-

“ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ” хуулийн ТАВДУГААР БҮЛЭГТ Жолоочийн даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтыг дараах байдлаар тусгажээ.

21 дүгээр зүйл.Жолоочийн даатгалын сан

21.1.Жолоочийн даатгалын сан нь Даатгалын тухай хуулийн 121.3.3.-т заасан албан журмын даатгалын сангийн бүрдэл хэсэг бөгөөд албан журмын даатгалын бусад хэлбэрийн сангаас тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна.

21.2.Даатгалын тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан Албан журмын даатгагчдын холбоо нь Жолоочийн даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх тайланг жил бүр гаргах бөгөөд уг сангийн үйл ажиллагаа, тайланд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.

21.3.Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

-ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРААС БҮРДЭНЭ-

22.1.Жолоочийн даатгалын сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

-Жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагч бүрээс төвлөрүүл‎эх хөрөнгө

-Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. /22.1.2.энэ хуулийн 28.1-д заасан орлогын 50 хувь/ Өөрөөр хэлбэл хариуцлага хүлээлгэхэд орж ирсэн орлогын 50 хувь

-Хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжилсэн орлого

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь

-Мэдээллийн сангийн мэдээллийг ашиглуулах журам, үйлчилгээний хөлсний хэмжээг Албан журмын даатгагчдын холбоо тогтоох ба төлбөртэй ашиглуулсны орлого

-Зээл, тусламж, хандивын орлого

-ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ-

23 дугаар зүйл.Жолоочийн даатгалын сангийн зарцуулалт

-Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан, даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол гаргасан, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тодорхой бус, даатгагч дампуурсан болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлд сангаас мөнгө зарцуулж нөхөн төлбөр олгоход зарцуулах

-Жолоочийн даатгалын тухай хуулийн 24.1-д заасан жолоочийн даатгалын мэдээллийн сан хөтлөхөд зарцуулах

-Шуурхай алба, сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах

-Зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэхэд зарцуулах

зэрэг журамтай байдаг аж. 

“Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг “Жолоочийн даатгалын тухай” хуулийн 23.1-д зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно” гэсэн заалт бий.             




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө