Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Нарны замын 13/2-р байрны ногоон байгууламж дээр барилга барих асуудал оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад байна. Тус байршлын 414 м.кв ногоон байгууламж, мөн автомашины зориулалтаар ашиглагдаж байсан 395 м.кв газрыг “Талын хар хайрхан” ХХК 2024 онд эзэмших эрхтэй болжээ. Газар эзэмших эрхээ анх нэгийг нь 5-8 давхар орон сууцны зориулалтаар, нөгөөг нь эмнэлгийн үйлчилгээний зориулалтаар авч байсан хэдий ч өдгөө энд 23 давхар үйлчилгээний талбайтай орон сууц барихаар болжээ.
ВИДЕО:
- ТАВАН МЯНГА ГАРУЙ ӨРХТЭЙ ТАВДУГААР ХОРОО ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ БОЛНО -
Одоогийн байдлаар таван мянга гаруй өрх, 20 мянга орчим хүн амтай тус хороонд инженерийн дэд бүтэц аль хэдийн ачааллаа дийлэхгүй болсон талаар оршин суугчид хэлж байна. Тэдний ярьснаар уг талбайд 23 давхар барилга баригдвал цахилгаан, ус, шугам сүлжээний асуудал улам дордох эрсдэлтэй аж. 13/2-р байрны оршин суугч н.Цолмонбаяр “Энд ямар ч орц, гарцгүй шахам болчихсон. Одоо ч бид цахилгаан, шугам сүлжээний асуудалтай.
Дээрээс нь өндөр барилга нэмбэл ойр хавийн бүх байр ачаалалд орно. Энэ талбайд байсан гражуудыг 2023 онд Д.Сумъяабазар хотын дарга байх үедээ нураалгасны дараа манай байрны иргэд нийлээд энэ талбайг зүлэгжүүлж, өөрсдийн хөрөнгөөр мод тариад хайрлаж хамгаалаад явдаг юм. Манай байрны ойр орчим нам гүм, амар тайван учраас ойр хавийн хүмүүс хүүхдүүдээ энд авчирч агаарлуулдаг юм. Тиймээс бид энэ Улаанбаатар хотын өндөр нягтаршилтай бүсийн бараг ганцхан үлдсэн ногоон байгууламжин дээрээ барилга бариулмааргүй байна” хэмээн ярилаа.

- НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИНА ХЭМЭЭН ГРАЖУУДЫГ БУУЛГАСАН Ч ЕРДӨӨ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ГАЗРЫН ЭЗЭМШИЛ ОЛГОЖЭЭ -
Энэхүү талбайд өмнө нь дулаан гражууд байрлаж байсан бөгөөд 2023 онд нийслэлийн хэмжээнд хэрэгжсэн бодлогын хүрээнд буулгажээ. Тухайн үед дүүргийн удирдлагууд уг газрыг ногоон байгууламж болгон тохижуулна гэж оршин суугчдад мэдэгдсэн байна. Үүний дараа оршин суугчид өөрсдийн хөрөнгөөр зүлэгжүүлж, мод тарьж, хүүхдүүд тоглох, иргэд амрах орчныг бүрдүүлжээ. Гэвч ердөө нэг жилийн дараа уг газар хувийн компанийн эзэмшилд шилжсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна.
Тус байрны оршин суугч, мэргэшсэн архитекторч Г.Ганболорын зүгээс СБД-ийн тавдугаар хороо бол хотын унаган өнгө төрх, нам давхар, орчны тэнцвэрийг хадгалсан архитектурын онцлогтой хороолол гэдгийг дурдаж байлаа.
Тэрбээр “Энэ дунд жижиг ногоон байгууламж дээр өндөр барилга барьж иргэдийн харах өнцөг, нарны гэрлийг нь хаах нь маш зохимжгүй үйлдэл. Энэ барилга баригдсанаар Ерөнхий боловсролын 6-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг хааж, зөвхөн оршин суугчид ч гэлтгүй бага насны хүүхдүүдийн нарны гэрэлд дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх боломжийг үгүй болгох аюултай. 2023 онд хотын бүх хувийн гражуудыг нураасан нь хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлсөн гэж би үздэг юм. Гражуудыг нураахдаа манай дүүргийн удирдлагын зүгээс энэ газарт барилга барихгүй, ногоон байгууламж болгоно гэсэн амлалтыг өгч байлаа. Гэтэл ердөө нэг жилийн дараа л Нийслэлийн газар зохион байгуулах албанаас “Талын хар хайрхан”- ы нэр дээр гэрээ хийсэн байгаа юм. Ингэхдээ хоёр газрынхаа нэгийг 5-8 давхар орон сууц барихаар авсан. Нөгөө газраа үйлчилгээний төв, эмнэлгийн зориулалттай авсан байгаа юм. Харин нэг жилийн дараа үйлчилгээтэй орон сууц гэсэн архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулаад авчихсан байна” гэлээ.

- ОРШИН СУУГЧДАД НУРААГААД БАРИХ БОЛОН БАРЬЧИХААД НУРААХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ -
Оршин суугчдын мэдээлснээр газар эзэмшигч компанийн зүгээс тухайн байрны айлуудад хандаж, байрыг нураан шинээр барьж өгөх, банкны баталгаатай гурвалсан гэрээ байгуулах санал хүртэл тавьжээ. “Манай байр 2006 онд ашиглалтад орсон, хуучирсан барилга биш. Гэтэл байрыг чинь нураана, банкны гэрээн хамруулна гэх мэтчилэнгээр амгалан тайван байдал алдагдуулж байна” хэмээн оршин суугч хэлсэн юм.

“Талын хар хайрхан” ХХК-ийн зүгээс “Modest Residence” тансаг зэрэглэлийн орон сууцны төслийн барилгыг одоогийн ногоон байгууламж бүхий талбайд барьж, харин ашиглалтанд орсны дараа 13/2-р байрыг ногоон байгууламж болгох зорилгоор тус байрны оршин суугчдад санал тавьжээ. Тодруулбал, нураагаад барих болон барьчихаад нураах хоёр хувилбарыг санал болгосон байна. Нураагаад барих хувилбар нь орон сууцны талбайн хэмжээг 20 хувиар томруулах, дулаан зогсоол болон түрээсийн зардал багтана. Харин барьчихаад нураах хувилбар нь барилга баригдах явцад байраа суллах шаардлагагүй бөгөөд ижил м.кв-тай байр болон дулаан зогсоол олгоно гэжээ. Түүнчлэн “Талын хар хайрхан” ХХК иргэдийн унтаж байх цагаар эсвэл баяр наадмын үеэр өөрсдийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламжийг хашаалахыг завддаг тухай мөн оршин суугчид ярьж байв.