УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Тухайн хуулийн төсөл нь гадаад зээллэгийн эх үүсвэрээр
- Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл;
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл;
- Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг санхүүжүүлэх төсөл юм.
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж Сэлбэ дэд төвийг хасахаар шийдэж, ТБХ-нд танилцуулсан байдаг. Ингээд ТБХ-ны хуралдаан болон, төслийн эхний хэлэлцүүлгээр "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл"-ийг хэлэлцэж явсаар эцсийн хэлэлцүүлэг дээр ирэхэд Сэлбэ дэд төвийг "гэнэт" оруулж ирсэнд гишүүдийн зүгээс эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ-ын гишүүн Дав. Цогтбаатарын байр суурийг хүргэж байна.
Тэрбээр "Төсвийн байнгын хороонд танилцуулагдаж байхад энэ Сэлбэ дэд төвийн асуудал яригдаагүй хэрнээ хулгайн замаар нэмээд чууулган руу оруулаад ирж байгаа юм. Монгол Улс зээл авч байгаа асуудлаар ярьж байхад Монгол банк нь ажлын хэсэгт нь орж ирээд ярилцмаар байна. Төсөв дээр дахиад л хариуцлагагүй юмнууд яригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг төсөв дээр ачаалал болгохгүй гэж яриад байгаа. Гэтэл төсөв дээр ачаалал болчихсон. Яагаад Баянхонгор аймгийн Байдрагийн голын УЦС-ыг хасч байгаа юм, яагаад Сэлбэ дэд төвийн хулгайн төслийг нэмж байгаа юм. Байшин барьж хүн оруулаад, буцаагаад зарчих юмыг яагаад заавал улсын төсөвт гадаадын зээл тусламжаар барихаар оруулж ирж хууль баталж өгөх ёстой юм" хэмээн ярилаа.