Н.Мадурог огцруулах ажиллагаанд бооцоо тавьсан АНУ-ын цэрэг яллагдагчаар татагджээ

Н.Мадурог огцруулах ажиллагаанд бооцоо тавьсан АНУ-ын цэрэг яллагдагчаар татагджээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах цэргийн ажиллагаатай холбоотой нууц мэдээлэлд тулгуурлан бооцоо тавьсан гэх үндэслэлээр АНУ-ын тусгай хүчний нэгэн цэргийг яллагдагчаар татжээ.

Тодруулбал, АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, Хойд Каролина мужийн Форт Браггт байрладаг идэвхтэй алба хаагч Ван Дайк криптовалют дээр суурилсан Polymarket платформд нууц мэдээлэл ашиглан арилжаа хийсэн хэргээр буруутгагдаж байна. Тэрээр уг бооцооноос 409 мянга гаруй ам.долларын ашиг олжээ. Хэрэгт дурдсанаар, Ван Дайк “Үнэмлэхүй шийдэмгий ажиллагаа” нэртэй цэргийн нууц ажиллагааны хугацаа, үр дүнгийн талаар урьдчилан мэдэж, 33 мянган ам.доллараас дээш дүнгээр бооцоо тавьсан байна. Түүнийг дотоод арилжаа хийсэн, нууц мэдээллийг хууль бусаар ашигласан, залилан мэхэлсэн, мөнгө угаасан зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгажээ.

Хууль зүйн яамны албаныхан “Энэ бол илэрхий дотоод арилжаа бөгөөд холбооны хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой үйлдэл” гэж мэдэгдсэн байна.

2025 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Ван Дайк Polymarket-д данс нээж, Венесуэл болон Н.Мадуротой холбоотой зах зээл дээр идэвхтэй арилжаа хийж эхэлсэн гэж мөрдөн байцаалтад дурджээ. Polymarket компани мэдэгдэлдээ, нууц мэдээлэл ашиглан арилжаа хийж буй хэрэглэгчийг илрүүлж, хэргийг Хууль зүйн яаманд шилжүүлэн мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажилласан гэжээ. “Дотоод арилжаа манай платформд огт хүлээн зөвшөөрөгдөхгүй. Энэ баривчилгаа нь хяналтын тогтолцоо ажиллаж байгааг харуулж байна” гэж тус компани онцолсон байна.

Прокуроруудын мэдээлснээр, Ван Дайк 2025 оны 12-р сарын 8-наас 2026 оны 1-р сарын 6-ны хооронд уг нууц ажиллагаанд оролцож, олон нийтэд нээлттэй бус мэдээлэлд хандах боломжтой байсан аж.

АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш “Цэргийн алба хаагчид үндэсний аюулгүй байдлын чухал мэдээлэлд итгэмжлэгддэг бөгөөд түүнийг хувийн ашиг сонирхолд ашиглахыг хатуу хориглодог” гэж мэдэгджээ.  Энэхүү хэрэг явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “энэ талаар сонсоогүй ч судалж үзнэ” хэмээн мэдэгдэж, таамаглалын зах зээлүүдийн эрсдэлийн талаар “сэтгэл хангалуун бус” байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC