БАРИМТ: "УБ метро" төслийн захирал Т.Мөнхдалайгийн төрсөн ах Т.Даваадалайгийн гэр бүлийн компани уг төслийн сүүлийн шатны тендерт оролцож байна

БАРИМТ: "УБ метро" төслийн захирал Т.Мөнхдалайгийн төрсөн ах Т.Даваадалайгийн гэр бүлийн компани уг төслийн сүүлийн шатны тендерт оролцож байна

Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн нэг болох "Туулын хурдны зам" олон нийтийн маргаан дагуулж буй энэ үед 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй “Улаанбаатар метро” төслийн тендер ч анхаарал татаж эхэллээ. Учир нь уг төслийг удирдаж буй Т.Мөнхдалайгийн төрсөн ах, НЗД-ын орлогч Т.Даваадалайгийн гэр бүлийн хамаарал бүхий компани тендерт оролцож байна.

"АВАНГАРД УРАН ДИЗАЙН ЭНД ИНЖЕНЕРИНГ КОМПАНИ НЬ МЕТРО ТӨСЛИЙН ТЕНДЕРТ ОРОЛЦСОН ГУРВАН МОНГОЛ КОМПАНИЙН НЭГ"

Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн эхний шатанд долоон улсын 27 аж ахуйн нэгж оролцсон. Тус 27 аж ахуйн нэгжийн нэг болох “Авангард Уран Дизайн энд Инженеринг” нь дотоодын гурван компанийн нэг юм.

"АВАНГАРД УРАН ДИЗАЙН ЭНД ИНЖЕНЕРИНГ КОМПАНИЙН АНХНЫ ЭЗЭМШИГЧ НЬ Т.ДАВААДАЛАЙГИЙН ГЭРГИЙ Б.АНХТУЯА"

Нээлттэй бүртгэлийн мэдээллээс үзэхэд тус компани нь өмнө “Анка Урбан Инженеринг энд Дизайн” нэртэй байсан бөгөөд 2021 онд байгуулагдахдаа Болдын Анхтуяагийн эзэмшилд бүртгэгдсэн байна. Тэрбээр НЗД-ын орлогч Т.Даваадалайгийн гэргий юм. Улмаар 2024 оны арваннэгдүгээр сард компанийн эзэмшлийн бүтэц өөрчлөгдөж, Б.Анхтуяа бүртгэлээс хасагдсан. Улмаар 2025 оны хоёрдугаар сард компанийн нэрийг “Авангард Уран Дизайн энд Инженеринг” болгон өөрчилжээ.

Эдгээр өөрчлөлтүүд нь метро төслийн тендерийн явцтай цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, “УБ Метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр шатны тендерийг 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд нээсэн байна. 

"500 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ГЭХ Т.ДАВААДАЛАЙ АВАНГАРД УРАН ДИЗАЙН ЭНД ИНЖЕНЕРИНГ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ"

Мөн Авлигатай тэмцэх газрын ХОМ-ийн мэдээллээс үзэхэд

500 сая төгрөгийн орлоготой, нэг тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн мэдүүлсэн Т.Даваадалай нь “Дава Бизнес Консалтинг”, “Анка Урбан Инженеринг энд Дизайн”, “Нью Эй Би Интернэйшнл Солюшн”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компанид хувьцаа эзэмшдэг гэж бүртгүүлжээ.

“Анка Урбан Инженеринг энд Дизайн” компани нь хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, мөн мод, бут, сөөг тариалах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

"Б.АНХТУЯАГИЙН АЖИЛЛАДАГ БНХАУ-ЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН НЗДТГ-Т 15.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН"

Эдгээр баримтуудыг нэгтгэн үзвэл:

  • Төслийг удирдаж буй этгээд нь түүний төрсөн дүү,
  • Тендерт оролцогч компанийн өмнөх эзэмшигч нь түүний гэргий,
  • Компанийн эзэмшил болон нэршлийн өөрчлөлт нь тендерийн хугацаатай давхцсан гэсэн гурван нөхцөл нэг дор давхцаж буй дүр зураг харагдаж байна.

Энэ нь шийдвэр гаргалтад нөлөөлөх боломж байсан эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар олон нийтийн асуултыг дагуулж байна. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтан болон түүний гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд стратегийн ач холбогдолтой, өндөр өртөгтэй төсөлд давхцан оролцож буй нь ил тод байдал, шударга өрсөлдөөний зарчмын асуудлыг хөндөж байна.

Сонирхуулахад, Т.Даваадалайгийн гэргий Б.Анхтуяагийн ажилладаг БНХАУ-ын “ШУА-ийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” нь НЗДТГ-аас зарласан тендерт оролцож, 15.8 тэрбум төгрөгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж байв.