Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага /2026.04.20/ эхлэн улс орон даяар зохион байгуулагдаж, өнөөдрийн байдлаар дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн татлагаар Хилийн цэрэг болон Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний цэрэг татлага хоёрдугаар ээлжээр буюу ирэх аравдугаар сард зохион байгуулагдах юм. Холбогдох хууль тогтоомжийн дагуу 18-25 насны эрэгтэй иргэдийг хугацаат цэргийн албанд татах бөгөөд оюутан, залуучууд энэхүү зохицуулалтад адил хамрагдана. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагч 18 нас хүрсэн тохиолдолд суралцаж буйгаа нотлох баримт бүрдүүлснээр түр хугацаагаар чөлөөлөгдөх боломжтой аж. Сүүлийн өдрүүдэд орон нутгийн харьяалалтай ч нийслэлд суралцаж буй оюутан, залуучууд заавал харьяа орон нутагтаа очих шаардлага үүсэж, хүндрэл гарч байгаа талаар иргэдээс хандалт иржээ. Энэ асуудлаар Батлан хамгаалах яамны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга, хурандаа Р.Энхболд тайлбар өгсөн байна. Тэрбээр, цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн байнга оршин суугаа газраасаа өөр газар түр хугацаагаар яваа бол тухайн байгаа газрынхаа цэрэг татлагын байранд очиж бүртгүүлэх үүрэгтэйг онцлов. Мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас харьяа орон нутагтаа очих боломжгүй тохиолдолд одоогийн оршин суугаа газрынхаа цэрэг татлагын товчоогоор дамжуулан шалгалтад хамрагдах боломжтой юм байна. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн харьяат оюутан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт амьдарч байгаа бол зарлан дуудах мэдэгдэл болон цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч тухайн дүүргийн цэрэг татлагын товчоонд очих боломжтойг албаныхан тайлбарлалаа. Цаашид цэргийн бүртгэл, зарлан дуудах ажиллагааг үе шаттайгаар цахимжуулах, хууль эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр ажиллаж байгааг мөн мэдээлэв.