АНУ, Ираныг энхийн хэлэлцээнд эргэн орохыг Ромын Пап уриалжээ

АНУ, Ираныг энхийн хэлэлцээнд эргэн орохыг Ромын Пап уриалжээ

Ромын Пап Лео XIV АНУ болон Ираныг дайныг зогсоох зорилготой энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг уриалж, мөргөлдөөн “энгийн иргэдэд, тэр дундаа Ираны ард түмэнд хүндээр тусч байна” гэж мэдэгджээ.

Түүний энэхүү байр суурь нь АНУ, Израилийн Иранд явуулж буй цэргийн ажиллагааг шүүмжилсний улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай үүссэн маргааны дараа хийсэн байна. Пап Лео XIV Африкийн дөрвөн оронд хийсэн айлчлалаа дуусган Ром руу буцах нислэгийн үеэр “Энх тайвны яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг уриалж байна. Бүх талууд дайны аюулыг бууруулж, олон улсын хуулийг хүндэтгэн энх тайвныг дэмжихийн төлөө бүх хүчээ дайчлах ёстой” гэж онцлон хэлжээ.

Мөн тэрээр “Пастор хүний хувьд би дайныг дэмжиж чадахгүй. Үзэн ядалт, хуваагдлыг биш, харин энх тайвны соёлд тулгуурласан шийдлийг эрэлхийлэхийг хүн бүрээс хүсэж байна” хэмээн нэмж дурдсан байна. Тэрээр өнгөрсөн жил Ливанд айлчлах үеэрээ “Ромын Пап Лео тавтай морил” гэсэн бичигтэй зургийг барьж байсан нэгэн мусульман хүүхдийн тухай дурсан ярьжээ. Ромын Пап Лео, “Харамсалтай нь, тэр хүүхэд энэ дайны үеэр амь үрэгдсэн” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC