Ногоон автобусны хэргээр ял сонссон А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн талаар Дээд шүүх тойм мэдээлэл бичжээ

Ногоон автобусны хэргээр ял сонссон А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн талаар Дээд шүүх тойм мэдээлэл бичжээ

Ногоон автобусны хэргээр ял сонссон А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн талаар Дээд шүүх тойм мэдээлэл бичсэн байна.

Тус мэдээлэлд, Улсын төсвийн хөрөнгөөр Нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах ажиллагаанд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт, гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгийн гишүүд Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, С.Бямбасүрэн, А.Чойжилсүрэн, автобус хүлээлцэхэд захиалагчийн хяналтын хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг гишүүд Б.Мөнхболд, Б.Алтаншагай, О.Лувсандагва, О.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбадрах, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Б.Баярмаа нар болон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim Kea Baum/,  “Эм Эс И Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болортуяа нарт холбогдох 93 хавтаст хэргийг оролцогчоос гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд:

  1. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй” хэмээн үзэж цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэхүү шийдвэрийн талаар прокурор эсэргүүцэл гаргаагүй болохыг дурьдаж хэвээр үлдээсэн болно.

  2. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон автобусны хөдөлгүүр нь Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос тогтоосон Евро-5 стандартын шаардлагыг хангахгүй байхад техникийн тодорхойлолтыг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн саналд нийцүүлж, тус компанийг сонгон шалгаруулсан үйлдэлд

А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Харин давж заалдах шатны шүүхээс гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд болох С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарын хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хайнга хандах” гэмт хэрэг гэж үзэн хөнгөрүүлэхдөө Евро-3 стандартын хөдөлгүүртэй автобус авахаар тогтоосон техникийн тодорхойлолт болон ийм хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ирүүлсэн санал нь нийтийн тээврийг Евро-5 стандартаар шинэчлэх төрийн бодлогод нийцээгүй, энэ асуудлыг ажлын хэсгийн зарим гишүүд гаргаж тавьсаар байтал “Тэнүүн-Огоо” ХХК-ийг олонхын саналаар төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулж буй үйлдэл, түүнд хандсан сэтгэхүйн хадлага, санаа зорилгыг болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалын энэ хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдэл болон оногдуулсан ялыг сэргээв.

  1. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлсэн 20 ширхэг автобус нь гэрээнд заасан “Хөдөлгүүр дизель Евро 5” байх, мөн Нийтийн тээврийн газраас баталсан бусад техникийн шаардлагуудыг хангаагүй байхад актад гарын үсэг зурж хүлээж авсан үйлдэлд

Б.Алтаншагайг Ажлын хэсгийн гишүүн бус гэх үндэслэлээр үүрэг хүлээхгүй хэмээн үзсэн бол Ж.Сүхбаатарыг яллах нотлох баримтууд нь зөрүүтэй нь эргэлзээ үүсгэсэн үндэслэлээр цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэрийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн.

Энэ хэрэгт хэлэлцэгдээгүй хуульд заасан шинэ нөхцөлд байдалд хамаарах үндэслэл, баримт нотолгоо илэрвэл прокурор шинэ нөхцөл байдлаар энэхүү тогтоолын Ж.Сүхбаатарт холбогдох хэсгийг дахин хянуулах эрхтэй. Түүнчлэн зарим гэрчүүдийн мэдүүлж буй “... дээрээс өгсөн чиглэл ...” гэх хэн нь тодорхойгүй нөхцөл байдлын талаар эзнийг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулахад энэ тогтоол саад болохгүйг дурьдах нь зүйтэй.  

Гэрээний дагуу автобус хүлээн авах захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох

А.Чойжилсүрэн, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, Б.Мөнхболд, О.Лувсандагва, О.Хонгорзул, Д.Цогтбадрах, О.Сүхбаатар нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хайнга хандах” гэмт хэрэг болгон давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчлөхдөө ажлын хэсэг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн 20 автобусыг газар дээр нь үзэх явцад техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй болох нь тогтоогдсон байхад “20 автобус шаардлага хангасан” талаар акт, тэмдэглэл боловсруулж гарын үсэг зурж хамтын шийдвэр олонхын саналаар хүчин төгөлдөр болоход хүчин чармайлт гаргасан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байх тул энэ талаарх магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Харин ажлын хэсгийн гишүүн Ч.Мөнхбаярыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт буюу өөр хэлтсийн ажил эрхэлдэг тул захиалагчийн хяналтын үүрэг хүлээхгүй гэх үндэслэлээр хоёр шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

Дээрх ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн болно.

  1. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нар нь Евро-2 дизель хөдөлгүүртэй автобуснуудыг Евро-5 дизель хөдөлгүүртэй мэт харагдуулах зорилгоор гадаад улсын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрт “Ad blue” төхөөрөмжид ашигладаг банкийг суурилуулан мөн Евро-5 гэсэн наалт нааж хуурч, төөрөгдүүлэх нөхцөл байдлыг бий болгон зарим автобуснуудыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсний үндсэн дээр төрөөс санхүүжилт авсан үйлдлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулах гэмт хэргийн арга нь байсан хэмээн хоёр шатны шүүхээс залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцээгүй гэх дүгнэлтийг хийж хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

  2. А.Ганхуяг, Ц.Болортуяа нарт холбогдох хуулийн этгээдийн гүйцэтгэх эрх мэдлийг урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээсэн болно.