"Туулын хурдны зам"-ын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан тул барилгын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө

"Туулын хурдны зам"-ын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан тул барилгын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө

"Туулын хурдны зам"-ын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзсан байдаг. 

Улмаар төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг гаргаад байсан юм. 

Тэгвэл БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр тус төслийг үргэлжлүүлэх боломжтой болсныг тодотгожээ. Тэрбээр "Өмнө нь Туулын хурдны замын байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байсан бол одоо яамны зүгээс эцэслэн баталж, тамга тэмдгээ дарж өгснөөр ажил явах хууль эрх зүйн үндэс нь бүрдсэн. Цаашид Туулын хурдны замын төсөлд хоёр жил тутамд аудитын хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь тогтмол хянана" гэлээ.