Чуулганы нэгдсэн хуралдаан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авч байна.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал " Монгол Улс төсвийн тогтвортой байдлын тусгай хуультай. Эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг уялдуулж тогтворжуулдаг. Бидэнд улс орныхоо хөгжлийг хангах шаардлага бий. Томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн өртөг улсын төсвийн зарлагын 20 хувьтай тэнцэх хэмжээний зардалтай байгаа. Үүнийг тусгай шаардлагад нийцүүлээд явна гэхээр 20–30 жил үргэлжлэхээр байна. Бүгд энэ нөхцөл байдлыг мэдэж байгаа. Иймд бусад хуулиудтайгаа нийцүүлэх, эсвэл хуулиудаа өөрчлөх асуудлыг ярилцаж шийдвэрлэх шаардлагатай. Хуулийн төсөл боловсруулагч нар анхны хэлэлцүүлгийн үеэр унагаасан төслийг дахин оруулж ирсэн. Одоо төслөө татах ганц л боломж байна. Тэрнээс нэг хэсгийг нь тухайлан татах боломжгүй. Иймд МАН-ын бүлэг ирэх даваа гаргийн бүлгийн хурлаараа хэлэлцэх тул дөрвөн өдрийн завсарлага хүсэж байна” хэмээн мэдэгдлээ.
Үүний дагуу УИХ-ын дарга хуулийн төслийг дахин нарийвчлан хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, МАН-ын бүлэгт ирэх пүрэв гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага өглөө.