“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Ж.Энхжаргалан нь Нийслэлийн өмчит “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр албан тушаалаас нь чөлөөлж, өөр хүнийг гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байхад өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэр бүхий иргэдийг ажилд авах, мөнгөн урамшуулал олгох, ажлаас халах, ээлжийн амралт олгох болон компанийг төлөөлж иргэд, хуулийн этгээдүүдтэй ажил гүйцэтгэх, түрээс, худалдан авах гэрээнүүдийг байгуулах зэрэг шийдвэрүүдийг гаргаж дураараа аашилсан,
Мөн холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан “Каар трейд” ХХК-тай 210 сая төгрөгийн гэрээг шууд байгуулж, бусдад давуу байдал бий болгосон, эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэргүйгээр өөртөө 15 сая төгрөгийн цалин бодуулах, өөрийн хамаарал бүхий “Би ар Би” ХХК-ийн зохион байгуулсан үйл ажиллагааны зардалд 65,1 сая төгрөгийг гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байна.
Улмаар прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Нийтийн албан тушаалтан дураар аашлах), 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад, өөртөө давуу байдал бий болгосон)-т зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.