ИНЕГ: Инженер залуу ажлын бус цагаар найз нөхөдтэйгээ явж байгаад амиа алдсан

ИНЕГ: Инженер залуу ажлын бус цагаар найз нөхөдтэйгээ явж байгаад амиа алдсан

Монгол Улсад нисэх хүчин үүсэн хөгжсөний ойгоо тэмдэглэж явсан ИНЕГ-ын инженер залуу амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан тухай бид мэдээллэсэн. Энэ харамсалтай хэргийн талаар ИНЕГ-аас өнөөдөр /2019.05.28/ мэдээлэл хийлээ.

АНБЗГ-ын дарга Ё.Эрдэнэбат  хэлэхдээ, “Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойн арга хэмжээ жил бүрийн тавдугаар сард  тохиодог уламжлалтай. Тавдугаар сарын 24-ны өдөр буюу өнгөрөгч баасан гаригийн 10 цагт ажил үйлсээрээ тэргүүлсэн ажилтнуудад шагнал гардуулах арга хэмжээ ИНЕГ-т зохион байгуулагдаж 12 цаг гэхэд баярын бүх арга хэмжээ албан ёсоор дууссан. 94 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх талаар байгууллагын зүгээс тухайн өдрүүдэд нисэхийн аюүлгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн хэвийн жигд үйл ажиллагааг хангах чиглэлээр ИНЕГ-ын даргын 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн үйлдвэрлэлийн шуурхай хуралдаан дээр онцгойлон үүрэг чиглэл өгч ажилласан бөгөөд харьяа алба салбарууд нь дээрх хугацаанд албан ёсны баяр ёслолын арга хэмжээ, нийллэг амралт зугаалга зохион байгуулахгүй байх, ажлын цаг ашиглалт сахилга хариуцлагыг өндөржүүлэх талаар онцгойлон үүрэг чиглэл өгсөн” гэжээ.

Мөн “Холбоо, навигаци, ажиглалтын албанд инженерээр ажиллаж байсан залуу амралтын өдөр найз нөхдийн хамт амарч яваад ахуйн ослоор амь насаа алдсан харамсалтай явдалд ар гэр, хамт олон нь тун их харамсч, гашуудаж байгаагаа илэрхийлсэн. Гэтэл ахуйн энэ золгүй ослыг санаатайгаар гуйвуулж улс төрийн болон хувийн ашиг сонирхлоор гуйвуулсан мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул”  ИНЕГ-аас мэдээлэл гаргаж байна гэлээ.

Талийгаачийн гэр бүл төдийгүй хамт олон, найз нөхөд  нь эмгэнэж байгаа эл золгүй явдлыг санаатайгаар ташаа мэдээллэхгүй байхыг ИНЕГ хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас хүслээ.