Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хотын дарга С.Амарсайхан ээлжит нэгэн шоугаа хийсэн. Тэрбээр Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр, Их Монгол улсын гуламж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарц”-ын барилгатай танилцсан. Энэ үеэрээ тэрбээр “Чанар, стандарт, аюулгүй байдал, технологийн горим алдуулахгүйгээр ажлын гүйцэтгэлийг шахаад долдугаар сарын 1-ний дотор төв гүүрэн замыг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээхийг гүйцэтгэгч компани анхаарч ажиллах ёстой” гэсэн юм.
Долдугаар сарын 1 гэсэн түүний энэ болгоомжгүй бөгөөд боломжгүй үгнээс болж зарим иргэд уг гүүрэн гарцыг Үндэсний их баяр наадмаас өмнө буюу долдугаар сард ашиглалтад орно гэсэн ойлголттой болж.
Ажил хурдацтай явж байгаа тул хугацаанаас өмнө буюу наадамын өмнө нээнэ гэнэ! pic.twitter.com/TowXGuPDgk
— БАТ (@bat_batsu) May 25, 2019
Уг асуудлаар бид нийслэлийн ХМОНХА-тай холбогдон тодруулах гэсэн ч хотын даргын дэгдээсэн энэ асуудлын талаар хэн ч мэдсэнгүй. Харин Нийслэлийн Авто замын газраас уг гүүрэн гарцыг долдугаар сард ашиглалтад оруулах ямарч боломжгүй тухай учирлав.
Нэмж тодруулахад, Төслийн хүрээнд барих гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх бөгөөд Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөн 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5 өргөн 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5 м өргөн, 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110 у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5 м өргөн 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд гүүрийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэв.