Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Үүний дагуу одоо ашиглаж байгаа 2 эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 4 дүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад буй тухай Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээд байсан. Гэвч одоогоор уг замын ажил эхлээгүй хэвээр байгаа юм.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр засварлахаар болсон уг замын ажил эхлэхэд тендэр, сонгон шалгаруулалт дуусаагүй тул гацсан гэх шалтгаантай. Сар гаруйн өмнө УИХ-ын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар яригдсан уг асуудал өнөөдрийг хүртэл ийн сунжирч буй. Анх дөрөвдүгээр сарын 25-нд замын барилгын ажил эхэлнэ гэсэн мэдээлэл өгсөн боловч одоо тавдугаар сар дуусч байхад сонгон шалгаруулалтаа ч хийгээгүй, барилгын ажил хийх улирал дундаа ороод байна.