ХУУЛЬ: Автомашин ачих нь “Хувийн өмчийг хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна

ХУУЛЬ: Автомашин ачих нь “Хувийн өмчийг хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна

Өнгөрсөн онд нийслэлийн ЗДТГ-ын хяналт, шинжилгээ үнэлгээний газраас “Аз жаргалтай хот” төслийн хүрээнд нийт иргэдийн 92 хувь нь аз жаргалтай байна гэх судалгааны дагуу иргэд хүчээр ахадсан нэр томъёог өөрсдөдөө зүүж, аливаа асуудал бүрийг эерэгээр хардаг, баяр баясалтай болох гэж оролдож буй гэхэд хилсдэхгүй бизээ. Тэгвэл аз жаргалтай Улаанбаатар хотод эерэгээр харах ямар ч боломжгүй нэгэн нөхцөл байдал өдөр бүр шахуу иргэдийн толгойн өвчин болж байна.

Энэ нь “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”. Энэхүү журмыг анх 2015 онд баталж, 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталсан байдаг. Тэгвэл нийслэл хотын аз жаргалтай иргэд автомашины зогсоолын хомстолд орж, нийслэлдээ машинаа зогсоочих олигтой газаргүйгээс болж, энэ тэндхийн булан тохойд машин хааж эсвэл нэгдүгээр эгнээнд тавих л сонголтод уягдан түр зуур гарч ирэхийн хооронд л “чоно борооноор” гэгчээр отож отож машин ачилтын төрийн болон төрийн бус байгууллагууд ачиж явдаг нь нууц биш юм.

-ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ БАЙХ ГЭСЭН ЗААЛТЫГ ӨӨРЧИЛЖЭЭ-

Хуулиндаа өмнө нь “Цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг байсан бол сүүлд шинээр гарсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах хуулийн 9.18.1 зааснаар;

  • “Иргэний өмч буюу машиныг зөөж шилжүүлэх ажиллагааг эхлэхийн өмнө анхааруулах зорилгоор гурваас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдэгдэх”;
  • Мөн тус хуулийн 14.1.тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх /ивүүр, татлага, бэхэлгээ хийх/ явцад тухайн тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/ ирвэл шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгнө;

Гэж заасан байна. Тэгвэл өмнөх машин ачилтын тухай хуулинд “ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ” гэсэн зүйл заалт ч байдаг байсан хэдий ч тухайн үед хэрэгждэггүй байсан. Цагдаа битгий хэл жолоочтой нь ч хамт ачиж явах хэмжээний ачилтын компаниуд байсан гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл сүүлд шинэчлэн гарсан журам ч одоо бодит байдал дээрээ яг журмын дагуу хэрэгжиж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Жолоочийн улсын марк дугаарыг гурав байтугай нэг удаа ч дуудахгүй тохиолдол харагдаж байгаа төдийгүй өнгөрсөн зургадугаар сард машин ачилтын компанийн хэсэг бүлэг залуучууд нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачих гэж байх үед нь жолооч нь ирсэнд нийлж дайран доромжилсон ба автомашиныг хүлээлгэн өгөхгүй байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.  Энэ мэт жишээнүүд бидний амьдралын өдөр тутамд гарсаар байна.

- ХУВИЙН ӨМЧИЙГ ХУУЛЬ БУСААР ХУРААХ, ДАЙЧЛАН АВАХЫГ ХОРИГЛОНО-

Тэгвэл мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 2.5.2-д зааснаар “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байдаг атал өөрсдөө иргэний өмчийг албадан хураах хууль гаргаж авч байгаа нь үндэслэлгүй байгаа юм.

Мөн Үндсэн хуулийн 16.3-д “Монгол улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан байдаг.

Харин бодит байдал дээр хэрэгжиж байгаа энэхүү арга хэмжээ нь иргэдийн хөдлөх хөрөнгийг дур мэдэн авч явж буй нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм.

Иймд хэт нэг талыг баримталсан бодлого гаргалгүй зогсоолын асуудлаа зохицуулж өгвөл яваандаа эдгээр зөрчлүүд ч арилах нь цаг хугацааны асуудал юм. Хэрэв энэ байдлаараа явбал ард иргэдээ мөлжих гэсэн нэг шийдвэр гэж харагдах төдийгүй төрийн бус ачилтын компаниудтай ямар нэг ашиг сонирхлын зүйл байж болзошгүй ч гэж хардах үндэслэл үүсэж байгаа юм. Иргэдийн хуулийн мэдлэг дутмаг байгаагаас үүдэн яагаад ачуулж буйгаа ч ойлгохгүй өнгөрөх тохиолдол байдаг тул хууль бус шийдвэрийн төлөө хаана хэнд ханддаг байхаа сайн мэддэг байх шаардлагатайг анхааруулж байна.