"Үндсэн хууль зөрчиж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн" гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаад байгаа. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны уг шийдвэр бол эцсийнх. Иймд маргааш Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн парламентын гишүүн Х.Булгантуяаг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж магадгүй байна.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд:
Монголын ард түмэн бид
Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж;
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж;
Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж;
Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж;
Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж, эрхэмлэн дагахаа нийгмийн гэрээ болгон баталгаажуулсан. Иймд, Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдааны 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь хууль дээдлэх ёсонд нийцнэ гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж буйгаа мэдэгдэж байна. Ардчилсан нам парламентын ардчилал, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын талд ямагт бат зогсох болно" гэжээ.