Чингэлтэй дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ивээл дор зохион байгууллаа

Чингэлтэй дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ивээл дор зохион байгууллаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 оноос жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн. Эл өдрийг угтан Чингэлтэй дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар чуулга, уулзалтыг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ивээл дор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд зориулсан эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь энэхүү чуулга уулзалтын зорилго бөгөөд “Тэгш эрх, тэгш боломж” уриан дор зохион байгуулж байгаа юм.

Энэхүү чуулга, уулзалтад УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар оролцлоо. Мөн дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлуудын талаар дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын Орлогч Н.Бямбагэрэл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн дарга Х.Ганцэцэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах нь” сэдвээр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр нар илтгэл танилцууллаа.

Мөн УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн санаачилгаар Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Япон Улсын “Хүсэл мөрөөдлийн тэргэнцэр” сайн дурын байгууллагатай хамтран ажиллаж, 100 ширхэг тэргэнцрийг хүлээн авсан байдаг. Үүнээс эхний ээлжид 50 тэргэнцрийг байнгын асаргаатай, зорилтот бүлгийн иргэдэд гардуулан өглөө.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн буй. Үүний 80 гаруй мянга нь хөдөлмөр эрхлэх боломжтойгоос 15 мянга орчим иргэн  хөдөлмөр эрхэлж байна. 4500 нь төрийн албанд ажиллаж байгаа юм. Үлдсэн нь хувийн хэвшилд ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй 3843 иргэн бий. Үүний 536 нь хүүхэд, 3307 нь хөдөлмөрийн насныхан. Харин хөдөлмөрийн насны иргэдээс 249 нь хөдөлмөр эрхэлж байна. Мөн Чингэлтэй дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад чиглэсэн төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, хэрэгжилт, халамжийн болон бусад үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал хүсэлтийг сонссоор байна.