СУРВАЛЖИЛГА: Сонгинохайрхан дүүрэгт барьсан театрыг үзэгчтэй байлгахын тулд автобус хөлслөн хүүхдүүдийг тээвэрлэн авчирдаг байна

СУРВАЛЖИЛГА: Сонгинохайрхан дүүрэгт барьсан театрыг үзэгчтэй байлгахын тулд автобус хөлслөн хүүхдүүдийг тээвэрлэн авчирдаг байна

Хотын дарга Х.Нямбаатарын санаачилгаар Сонгинохайрхан дүүрэгт баригдсан Хүүхэд залуучуудын театр 2024 онд ашиглалтад орсон. Гэтэл төсвийн 30 гаруй тэрбум төгрөгийг зарцуулж барьсан гэх энэ барилга хотын захад баригдсан тул зорьж очиж үзвэр үйлчилгээ үзэх хүүхэд, залуус байхгүй байна гэх шүүмжлэлийг иргэд хэлэх болсон. Иймд бид уг мэдээллийн дагуу дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО:

-ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫГ ХОТЫН ЗАХАД БАРЬСАН ТУЛ ИРГЭД ЗОРЬЖ ОЧИЖ ҮЗВЭР ҮЗЭХГҮЙ БАЙНА-

Урлаг, спорт хоёрыг төр бус хувийн хэвшил хөгжүүлж авч явдаг. Гэтэл төр үүнд оролцоод хотын захад төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулж, театр барилаа гэх шүүмжлэлийг иргэд хэлж буй юм. Түүнчлэн үүнтэй ижил бас нэгэн жишээ давтагдах гэж байгаа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдах гэж Үндэсний урлагийн их театр. “Тийш зорьж очиж жүжиг үзэх хүн олдохгүй, иргэдийн ундны усны нөөц газар барилга барих гэж байгаа нь буруу, Хүүхэд залуучуудын театртай ижил жишээ болох нь” гэх шүүмжийг хэлж буй.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт баригдсан энэ барилгыг Хотын дарга Х.Нямбаатар санаачлан тойрогтой барьсан. Улмаар 2021 онд Засгийн газрын тогтоол гарч Хүүхэд залуучуудын театр болгосон төрийн өмчит өмчийн барилга. Гэтэл хотын захад барьснаас хүмүүс зорьж очихгүй байгаа гэх.

Ийнхүү бид Хүүхэд залуучуудын театрт очиход жүжгийн бэлтгэл үргэлжилж байсан бөгөөд удахгүй Ромьео Жульетаг тоглох гэж байгаа гэнэ. Улмаар бид театрын дүүргэлт, хүүхдүүдийг татах талаар ямар ажил хийж байгаа болон цаашид хэрхэх талаар зарим зүйлийг Хүүхэд залуучуудын театрын захирал Н.Ариунболдоос тодрууллаа.

-Н.АРИУНБОЛД: ХҮҮХЭД БАЙГАА ГАЗАРТ СОЁЛ УРЛАГ БҮХ ЗҮЙЛС ОЧИЖ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ-

Тэрбээр, “Хүүхэд залуучуудын театр үүд хаалгаа нээгээд жил долоон сар болж байна. Хүүхэд залуучуудын театрын хаалга 27 жил хаалттай байсан. Өөрийн байр байхгүй байсан. Улмаар Засгийн газраас дорвитой алхан хийж Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд байгуулсан. Зарим хүмүүс хотын захад яасан хол юм гэдэг. Гэхдээ хүүхдүүд байгаа газарт соёл урлагийн болоод эрүүл мэндийн бүхий л зүйлс очиж үйлчлэх ёстой. Иймд 140 мянган хүүхэдтэй Сонгинохайрхан дүүрэгт энэ театр байрласан. Менежментийг, хүмүүсийг дуудах ажлыг бид өөрсдөө хийх хэрэгтэй. Бүх зүйл хотын төвд төвлөрөөд байж болохгүй. Хот маань ч тэлж хөгжих ёстой. Мөн газар байхгүй байна. Энэ том зогсоолтой обьектыг барих аюулгүй байдлыг бүрдүүлэх нь чухал. Ямартай ч эдийн засгийн хүнд энэ үед хүүхдүүд маань театртай болоод авч байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаар энд бас хүүхдүүд байгаа. 140 мянган хүүхдүүд байна. Түгжрэлд ямар хэцүү байгаа билээ. Энэ үед хотын төв рүү орж жүжиг үзнэ гэдэг хэцүү. Ядаж театр нь энд ирчихсэн байна. Түүнчлэн театрт хайртай эцэг эхүүд хүүхдүүдээ дагуулаад зориод ирж болно шүү дээ.

Мөн манайх хүүхдүүдийг татахын тулд автобусны компанитай гэрээ хийж байна. Сургууль бүр автобустай болсон. Одоогийн байдлаар 80 гаруй мянган хүүхдэд үзвэр үзүүлсэн.

Энд зөвхөн жүжиг тоглохгүй байгаа. Бүх сургуулийн урлагийн үзлэгүүд, дүүргийн арга хэмжээ, хүүхдэд зориулсан арга хэмжээ манайд болж байна. Хотод УБ палас хүртэл нэг ч үзвэр үйлчилгээний газар байхгүй байсан. Тэгээд УБ паласыг нураачихлаа. Одоо Соёлын төв хүртэл нэг ч театр байхгүй 30 жил болсон байна. Заримдаа бас арай хол уу гэж бодогддог. Гэхдээ театр гэдэг нь хүний сэтгэлд ойрхон байгууллага. Театр өөрөө үзэгчид дээр оршин тогтнодог. Иймд манай театрыг зорьж ирэх хүн олон байдаг” гэлээ.