Олон нийтийн сүлжээ хөгжихийн хирээр шинэ тутам түүний эерэг, сөрөг үр дагавар гарсаар байгаа. Түүний нэг нь олон нийтийн сүлжээгээр бараа бүтээгдэхүүн борлуулах. Мэдээж, энэ нь түрээсийн зардалгүй буюу хэрэглэгчдэд хямд үнээр борлуулах, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талыг бий болгосон. Гэсэн ч олон нийтийн сүлжээг ашиглан хуурамч, чанаргүй, гарал үүсэл нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн борлуулах, залилах зэрэг зөрчил гарсаар буй.
ВИДЕО:
Үр дүнд нь иргэн цаг хугацаа, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Дугархүү эмч, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара зэрэг Төрийн хариуцлагатай албан тушаалтнууд нь хүртэл иргэдээ залилж, эрүүл мэндэд аюултай байж болзошгүй бараа бүтээгдэхүүнийг борлуулсан талаар баримт дэлгэн иргэн С.Мөнхбат “Шүгэл үлээсэн” байдаг. Гэсэн ч өдгөө Т.Дугархүү, М.Нарантуяа-Нара, С.Мөнхбат нарын сошиал хэрүүл, маргаан мэт болоод энэ асуудал дуусах нь. Учир нь хүний эрүүл мэндэд заналхийлсэн байж болзошгүй энэ асуудлыг хэн ч анхаараагүй юм. Тэгвэл эдгээр асуудлын талаар иргэн С.Мөнхбаттай ярилцлаа. Түүний хувьд энэ асуудал гарсан цагаас эхлэн анх удаа эх орондоо ирж байгаа юм.
"ЭЭХЗГ М.НАРАНТУЯА-НАРА ГИШҮҮНИЙ БОРЛУУЛСАН МАКА ГЭХ БҮТЭЭГДЭХҮҮН МОНГОЛД ХУУЛЬ БУСААР ОРЖ ИРСЭН ГЭДГИЙГ ТОГТООСОН"
-Эхлээд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара иргэдээ залилсан байж болзошгүй баримтыг та дэлгэсэн. Энэ асуудлын талаар.
-Эхлээд УИХ-ын гишүүн маань намайг өөрийнх нь нэр хүндэд халдлаа, хэзээ ч баталгаагүй чанаргүй бүтээгдэхүүнийг зарж байгаагүй хэмээн Төрийн ордон дотроос мэдэгдэл хийж байсан. Гэтэл Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас гишүүний борлуулж байсан Мака гэх бүтээгдэхүүн Монголд хууль бусаар орж ирсэн бүтээгдэхүүн гэдгийг тогтоосон. Гэтэл эмэгтэй хүний сарын тэмдгийг өвдөлтгүй ирэхэд зориулсан чихэр гэдэг ангилалд ордог хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эрэгтэй хүний түрүү булчирхайн эмчилдэг эмчилгээний бүтээгдэхүүн гэж борлуулсан. Энэ бол маш увайгүй үйлдэл. Тэгээд аав маань хүртэл уусан гэх мэтээр хоногштол сурталчилгаа хийж иргэдийг хохироосон. Тэр хүний хүнд л итгэж авч байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр эрхэм гишүүн намайг шалгуулна гээд маш олон удаагийн мэдэгдэл. Бүүр ЭМЯ-нд чиглэл өглөө гээд л мэдэгдэл хийдэг. Гэхдээ өгдөггүй. Харин сошиалд миний нэр төрд халдаад л байгаад байдаг юм.

"ТӨРИЙН ТҮШЭЭГИЙН ЭНЭ ЗАЛИЛАНГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАХ ЁСТОЙ"
-Илтэд үйлчилгээний төрлийг өөр мэтээр ярьж борлуулах нь залиланд орох байх.
-Тийм ээ. Би ингэж харддаг. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сонгуулийн зардлаа иргэдээ энэ мэтээр залилж босгосон байх гэж харддаг. Тэр бүтээгдэхүүн нь нэг ширхэг нь 7200 төгрөг, нэг курс нь 1.6 сая төгрөг. Харин өнөөдөр гишүүн маань тэрбум төгрөгийг олох амархан, тэр чинь их мөнгө биш гээд ярьж байна. Хариуцлагатай байх ёстой Төрийн түшээгийн энэ залилангийн шинжтэй үйлдлийг хуулийн байгууллага шалгах ёстой.
-Таныг мэдэгдэл гаргаснаас хойш сошиал та хоёрын хооронд маргаан, мэтгэлцээн, хэрүүлийн шинжтэй постууд үргэлжилсэн. Харин та ёс зүйн хэм хэмжээнээс арай хэтрээд байна уу даа хэмээн хэлсэн байсан.
-Намайг бүүр “Эх оронгүй золбин” гэж хэлсэн. Үнэнийг хэлсний төлөө УИХ-ын гишүүн намайг хэлж болох бүх үгээр хараасан. Хүний нутагт хичээгээд явж байгаа хүнийг “Чи эх оронгүй золбин” гэж хэлэхээр гомдол төрдөг. Өөртэй нь адилхан хүмүүсийг ингээд залилаагүйн төлөө бараг тийм үг сонсож байгаа юм. Эмэгтэй хүний сарын тэмдэгт зориулсан чихрийг би эрэгтэй хүн түрүү булчирхай өвчиндөө уу гэж хэлэх гэхдээ арай л увайгүй үйлдэл. Мөн намайг “Муу халтар” гээд хэлсэн байсан. Би шивээс хийлгэх нь миний эрх шүү дээ. Төрийн түшээ маань иргэнээ гадаад өнгө төрхөөр нь ялгаварлаж байгаа юм. Намайг маш ихээр доромжилж, харааж байгаад блок хийчихсэн. Түүнээс хойш намайг юу ч гэж хэлдэг гэдгийг би мэдэхгүй байна. Би тэр гишүүний ёс зүй дээр бол үнэхээр гайхдаг. Би ямар ч байсан УИХ-ын гишүүнийг хуулийн байгууллагад бол өгөх гэж Монголд ирсэн.

"НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ БАГА МӨНГӨ ГЭЖ ЯРЬЖ БУЙ НЬ МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛЖ БОЛОХ ХАМГИЙН ТОМ ДОРОМЖЛОЛ"
-Төрийн ордноос эрхэм гишүүн нэг тэрбум төгрөг юу ч биш гээд сууж байна. Харин нөгөө талд иргэд нь цалингаа хэдэн хувь нэмүүлчих гээд жагсаж байна. Энэ үйл явдал Монголд баян, ядуу гэх хоёр давхарга бий болсон гэдгийг л батлах шиг боллоо.
-Миний хувьд Монголын хамгийн тэргүүлэгч бизнесийн салбарт есөн жил ажиллаж байгаад Хятад руу явсан. Би Хятадад энэ салбартаа үнэлэгдэж ажлын санал авсан. Гэхдээ өнөөдөр миний дансанд 20 сая хүр хүрэхгүй төгрөг байгаа. Тэгэхэд тэр хүн хэдхэн жил инфлюсер хийгээд 1 тэрбум төгрөг бол маш бага мөнгө гэж ингэж ярьж байгааг гайхаж байна. Бас нөгөө талд энэ гаргасан мэдэгдэл бол үнэхээр Монголчуудыг доромжилж болох хамгийн том доромжлол гэж ойлгосон.

-УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара таныг нэр хүндэд халдсан хуулийн байгууллагад хандана гэдэг. Тэгвэл та хууль шүүхийн байгууллагад өөрөө хандсан уу?
-Би нэгдүгээр гадаадад амьдарч байна. Надад эдийн засаг болоод цаг хугацааны хувьд боломжгүй болчхоод байсан юм. Би УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гаргасан ёс зүйгүй, хууль бус сурталчилгааг Монголын шүүхийн байгууллагад хандъя гэвэл өмгөөлөгч авах хэрэгтэй болно. Эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч юм уу. Энэ бүхэн надад хүндрэл их гаргах болчхоод байгаа юм. Нөгөө талд цагдаа, шүүхээр явах маш хүндрэлтэй. Энэ асуудал шийдэгдэх хүртэл хэдэн удаа шүүхэд мэдүүлэг өгөх бол.
"Т.ДУГАРХҮҮ ЭМЧИЙН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УУСАН ХҮМҮҮС 3-5 ЖИЛИЙН ДАРАА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛОХ ЭРСДЭЛ МАШ ӨНДӨР"

-Харин одоо Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Т.Дугархүү эмчийн талаар таны гаргасан баримт, мэдээллийг ярилцъя. Таныг эх орондоо ирэхтэй зэрэгцэн гаднын улс орныг зорьсон гэх мэдээлэл байна.
-Уул нь намайг Монголд хүрээд ир гээд байсан шүү дээ. Шүүгчийн захирамжаа гардаж ав. Монголд ирэх нүүргүй болоод ирж чадахгүй байна гэх мэтээр мэдээлэл гаргасан. Тэгээд Монголд ирээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь хүлээж аваад байж байна. Өөр өгөх юм надад байхгүй шүү дээ. Тэгээд намайг ирэхээр зугтчихлаа гэдэг хардлага төрж байгаа.
-Та баримтдаа нэг юмыг тодотгосон байсан. Т.Дугархүү эмчийн зарж байгаа бүтээгдэхүүн цусанд орж задардаг. Эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй гэдгийг та тодотгосон байсан.
-Тийм ээ. Гэхдээ би биш Т.Дугархүү эмч өөрөө ярьсан. Хүний цусанд орж задардаг учраас амь нас, эрүүл мэндэд аюултай гээд оруулж ирсэн хүн нь өөрөө ярьж байна. Би тэрийг нь гаргасан төдий. Би энэ салбарт ажилладаг хүн болохоор маш сайн мэднэ. Эмийн гаж нөлөө дунджаар 3-5 жилийн дараа гардаг юм. Тэгэхээр тэр Т.Дугархүү эмчийн борлуулсан бүтээгдэхүүнийг уусан хүмүүс 3-5 жилийн дараа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл маш өндөр. Тэр борлуулж байгаа бүтээгдэхүүнээ эхлээд 26 тэрбум эсийг эмчилдэг гэх мэт төгс бүтээгдэхүүн гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн идэвхт бүтээгдэхүүн, витамин зэргээр төөрөгдүүлж байгаа. Сүүлдээ ямар бүтээгдэхүүн болох нь тодорхойгүй байлаа. Харамсалтай нь тус бүтээгдэхүүнийг дандаа хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс авч хэрэглэсэн нь санаа зовоодог.
"ХОЁР ХҮҮХЭД ЧИНЬ МОНГОЛД БАЙГАА БИЗ ДЭЭ, ХҮҮХДҮҮДЭЭ БОДООРОЙ ЗЭРГЭЭР ДАРАМТАЛДАГ"
-Та сая таны дансыг хаасан тухай хэл хэд хэдэн удаа дурдлаа л даа. Тэгээд тодорхой хэмжээний байр суурьтай, албан тушаалтай, карьертай ийм хүмүүсийг ингээд эсрэг мэдээлэл хийсний төлөө танд дарамт шахалт ирдэг үү?
-Фэйсбүүк дээр бол тогтмол ирдэг. Чамайг байгаа газарт чинь ална гэх мэт дуудлага их ирдэг. Олон жилийн хугацаанд энэ мэдээллийг гаргачихсан учир цочирдохоо байчихсан. Харин хоёр хүүхэд чинь Монголд байгаа биз дээ, хүүхдүүдээ бодоорой зэрэг мессеж ирдэг нь их хэцүү. Эргэн тойрны маш ойрын хүмүүсээр яриулдаг. Бас нөгөө талд хууль, шүүхийн байгууллага намайг л шалгаад байдаг. Хууль бус байж болох эсвэл гадаад улсад хориглогдсон ямар нэгэн ийм эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний талаар хэн нэгэн хүн мэдээлэл гаргасан бол Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар шалгах ёстой. Миний гаргасан мэдээллээр Т.Дугархүү, М.Нарантуяа-Нара нарыг шалгаагүй байх. Гэхдээ намайг бол шалгасан. Шалгалтын дүн нь зар сурталчилгаа түгээсэн гэж 500 мянган төгрөгөөр торгосон байдаг.

"БУУХ ЭЗЭН, БУЦАХ ХАЯГТАЙ УЧИР ЭМ, ТАРИАГАА ЭМЧЭЭС БИШ ЭМИЙН САНГААС Л АВЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ"
-Таныг ийм баримт, мэдээлэл гаргаж нийгэмд танигдаж, өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг илүү сайн борлуулах гэж байгаа юм биш биз гэх хардлага бол байгаа. Та энэ асуудалд юу хэлэх бол.
-Энэ бол нөгөө талаас гаргаж байгаа сэвэлт. Гэхдээ надад мөнгөнөөс илүү чухал үнэ цэн бий. Эмэгтэй хүний сарын тэмдгийг өвдөлтгүй ирэхэд зориулсан ямар ч эмчилгээний чанаргүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг түрүү булчирхайн эмчилгээний эм гээд УИХ-ын гишүүн хүн Төрийн ордон дотроос рекламдаад байна шүү дээ. Надаас асуудаг хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй, явж чаддаггүй, амьдралын боломжгүй зэрэг хүмүүс. Тэд хохироод байна шүү дээ. Миний фейсбүүк 120 мянган дагагчтай. Би 120 мянган хүнд тэр болгонд ингээд асуусан хүн болгонд чатаар хэлэх үү эсвэл зүгээр фейсбүүк дээр пост хийх үү надад тийм л сонголт байдаг.

-Тэгвэл та цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Би Т.Дугархүү эмчийн хэргийн дуусгаж, мухарлахыг хичээнэ гэж хэлж байсан. Миний эсрэг гомдол гаргасан гэх М.Нарантуяа-Нара, В.Баттулга, Т.Дугархүү зэрэг хүмүүсийн хэргийг нэг талдаа гаргахад бэлэн байна. Т.Дугархүү эмчтэй бол халз мэлтэлзэхэд бэлэн байгаа. Үнэхээр гомдлоо гаргачихсан юм бол цагдаа дээр очиход бэлэн. Өчигдөр дуучин Дуулимын аав В.Баттулга руу ярилаа. Тэгсэн чинь цагдаад гомдол гаргаагүй байна. Фейсбүүк дээрээ би энэ залууг цагдаад өгчихсөн чинь зугтаад ирэхгүй байна гээд байсан юм. Гэтэл ийм л байна.
-Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүдийг цахим сүлжээгээр маш ихээр борлуулдаг болсон. Тэгэхээр энэ асуудалд ямар зохицуулалт хийх ёстой байдаг юм бол. Та юу гэж хардаг вэ?
-Хамгийн зөв зохицуулалтыг манай хууль хийчихсэн. Эмчдээ үзүүлээд дараа нь эмийн сангаас эмээ ав. Мөн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Бид нар олны танил инфлюсерүүдээс, онлайн дэлгүүрээс, эмчээс авч болохгүй. Харин эмийн сангаас ав л гээд байгаа. Эмийн сан бол буух эзэн, буцах хаягтай шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.