"Go Mongolia" үндэсний брэндийг олон улсад сурталчлах зорилгоор Английн Премьер лигийн Фүлхэм клубтэй 2024 оны зургаадугаар сараас хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
Гэвч төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй учраас тус баг манай улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн талаар ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам мэдээллээ. Тэрбээр "Манай улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн талаарх мэдэгдэл ирсэн. Үлдэгдэл төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй гэсэн. Манай зүгээс төсвийн тодотголоор үлдэгдэл санхүүжүүлэлтийн мөнгийг чиг үүргийн дагуу Гадаад харилцааны яам руу шилжүүлсэн. Гэрээ шилжүүлэх болон ажил үүргээ өгч авах, ажлын хэсэг гарах гэх мэт бичиг цаасны ажил явж байгаа. Үүнээс гадна үлдэгдэл төлбөрийг төлөх албатай юу, гэрээнд юу гэж заасныг судлах ажлууд явж байгаа. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Монголыг гадаадад сурталчлах нэрийдлээр нэлээд өндөр үнийн дүнтэй гэрээнүүд хийгдсэн байсан. Английн үндэсний телевиз BBC, АНУ-ын CNN, дэлхийн тэргүүлэгч маркетинг, брэндингийн компани Edelman зэрэгтэй нэг сая ам.доллароос дээш үнийн дүнтэй гэрээ хийсэн. Зарим гэрээнүүд нь дууссан, зарим нь үргэлжилж байгаа. Гэхдээ зарим нэг учир дутагдалтай зүйл бий. Жишээлбэл Бостон консалтинг группээр хийлгэсэн судалгааны тайлан нь миний хувьд болон манай яаманд ажиллагаа байгаа мэргэжилтнүүдийн шаардлага хангахгүй байна. Судалгааны чанар нь хоёрдогч материалууд дээр дүгнэлт хийчихсэн байр байдалтай байгаа" гэжээ.