П.Сайнзориг, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал нараас бусад Д.Амарбаясгалангийн талын гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг “налж” эхэлжээ

П.Сайнзориг, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал нараас бусад Д.Амарбаясгалангийн талын гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг “налж” эхэлжээ

МАН-ын улс төрийн зодоон ерөнхийдөө намжих тийш хандав. Удахгүй буюу арваннэгдүгээр сарын 15, 16-нд болох Их хурлын дараагаас бүр нам жим болох биз. Учир нь Д.Амарбаясгалангийн талд орж, түүний төлөө саналаа өгч байсан жагсаалтын хэдэн гишүүд ихэнх нь Г.Занданшатарыг налж эхэлсэн байна.

-П.САЙНЗОРИГ, Ж.БАТ-ЭРДЭНЭ, Б.БАЯРБААТАР, А.АРИУНЗАЯА, Х.БААСАНЖАРГАЛ НАРААС БУСАД ГИШҮҮД Г.ЗАНДАНШАТАРЫН ТАЛЫГ “НАЛЖ” ЭХЭЛЖЭЭ

Засгийн газрыг огцруулах албан бланк буюу П.Сайнзориг гишүүний гаргасан бичигт МАН-ын жагсаалтын 13 гишүүн гарын үсэг зурсан байдаг. Тэднийг жагсаалтад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ оруулсан. Иймийн тул тэд нэг ёсондоо улс төрийн хувьд түүнд өртэй мэт, эсвэл түүнээс цалин авдаг мэт бөөн бөөнөөрөө сандал суудлын хэрүүл болохоор гэнэт гарч ирж хэл ам хийгээд байгаа нь хэн бүхний нүднээ ил харагдаж буй. Тодруулбал, МАН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдсон Ч.Анар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Ж.Баясгалан, О.Саранчулуун, Б.Уянга, Г.Лувсанжамц, М.Мандхай, О.Номинчимэг, Д.Ганмаа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нарын гишүүд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж, Д.Амарбаясгаланг “хоёр гараа өргөн” дэмжиж байлаа.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудал УИХ-ын чуулганаар яригдах үед ч энэ процесс харагдаж л байсан. Гэвч тэдний ихэнх нь улс төрийн хувьд чигч шударга, үзэл бодолтой, тууштай, ёс зүйтэй байж чадсангүй.

Үйл явдал нэг тийш болж эхлэнгүүт “ахаа намайг бодоорой” гэдэг шиг ерөнхийдөө Г.Занданшатарыг талд гарч эхэлсэн байж магадгүй байна. Учир нь Д.Амарбаясгаланг намын даргаар сонгосон Бага хурал хуулийн дагуу болоогүй тул Их хурлаар намын даргаа сонгоно. Иймд Д.Амарбаясгалан УИХ-ын даргын суудалгүй, намын даргын ч суудалгүй болж магадгүй байгаа. Түүний хувьд хүндхэн цаг үе өнгөрч байна гэж болох. Гэтэл яг энэ үед нөгөө “хоёр гараа өргөн” дэмжээд байсан жагсаалтын хэдэн гишүүд Г.Занданшатарын талыг налж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал нараас бусад гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарын талд орж, сүүлийн үед бүлх залгисан мэт чимээгүй байцгаах болсон байна.

-ЖАГСААЛТЫН ГИШҮҮД ДАРААГИЙН СОНГУУЛЬД ТОЙРОГТОЙ БОЛОХЫН ТУЛД Г.ЗАНДАНШАТАРЫГ НАЛЖ БАЙЖ МАГАДГҮЙ-

МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт бий. Иймд улс төрийн хүрээнд МАН-ын дараагийн даргаар Г.Занданшатар сонгогдоно хэмээн ярьж байгаа. Хэрэв түүний хувьд намын дарга болбол 2028 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан орно гэсэн үг. Иймд одоогийн УИХ-ын гишүүд болон жагсаалтын гишүүд түүнийг налж, улс төрийн дараагийн кареераа бодож байж магадгүй байна.

Учир нь жагсаалтаар сонгогдсон гишүүд дараагийн УИХ-д сонгогдохын тулд тойрогт нэр дэвших нь хамгийн боломжит хувилбар. Улмаар тойрогтой болохын тулд намын даргаа налах нь тодорхой.

Энэ нь нэг талаас харвал мэдээж улс төрийн хувьд чигч шударга бус, ёс зүйгүй үйлдэл мөн. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэд өртэй мэт түүний талд орж, сандал суудлын бүхий л хэрүүлд голлон оролцож байсан жагсаалтын хэдэн гишүүд Г.Занданшатарын талд орж эхэлсэн байна. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө