ШУУРХАЙ: 94,6 тэрбумын хохиролтой татвар, нийгмийн даатгалын хуурамч бичилттэй холбоотой хэргүүдийг цагдаагаас илрүүлж, бүлэг этгээдүүдийг саатууллаа

ШУУРХАЙ: 94,6 тэрбумын хохиролтой татвар, нийгмийн даатгалын хуурамч бичилттэй холбоотой хэргүүдийг цагдаагаас илрүүлж, бүлэг этгээдүүдийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр дээр хуурамчаар бүртгүүлж, 70 орчим тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгө угаасан, бусдыг заналхийлсэн, хууль бусаар хорьсон үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгт холбогдсон гурван бүлгийн 50 орчим этгээдийг илрүүлсэн бөгөөд нэр бүхий хүмүүсийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж байгаа аж. Дээрх этгээдүүд нь урьдчилсан байдлаар 32 аж ахуйн нэгжийн нэр дээр 400 гаруй иргэний НДШ-ийг хуурамч нөхөн шивэлт хийж, 70 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан үйлдэл тогтоогджээ. 

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ЦЕГ-ын даргын тушаалаар энэ төрлийн хэд хэдэн хэрэг дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.

Мөн Татварын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд нь бусадтай бүлэглэн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийж өөртөө болон бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлсэн байна.

Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар шивдэг Г, С нарын 2 бүлгийн 7 этгээдүүд нь өөрсдийн хамаарал бүхий, үйл ажиллагаа явуулдаггүй 16 компаниас татварын өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдэд 248,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1877 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан шивж улсын төсөвт төвлөрөх татварын орлогыг 24,6 тэрбум төгрөгөөр бууруулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.

Дээрх хэргүүдийн шалгалтын хүрээнд Татварын байгууллагын нэр бүхий удирдах ажилтан болон дүүргүүдийн татвар улсын байцаагч нар нь хэргийн холбогдогч этгээдүүдийн аж ахуйн нэгжүүдэд хийгдэж байгаа татварын хяналт шалгалтад хууль бусаар нөлөөлж, зөрчлийн дүнг бууруулан давуу байдал олгосон үйлдэл тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.