Дөрвөн жил хүлээдэг мэтгэлцээнийг зохион байгуулж чадаагүй МҮОНРТ-д сар бүр ХУРААМЖ ТӨЛӨХӨӨ зогсооё

Дөрвөн жил хүлээдэг мэтгэлцээнийг зохион байгуулж чадаагүй МҮОНРТ-д сар бүр ХУРААМЖ ТӨЛӨХӨӨ зогсооё

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бодлогын халз мэтгэлцээн өчигдөр /2021.06.07/ 17.00 цагт товлогдсон байсан ч цуцлагдсан. Ингэхдээ ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг коронавирусийн халдвар авсан гэдгээр “шалтаглачих” шиг санагдсан. Угтаа бол 2.30 минутын турш үргэлжилж

  1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал,
  2. Батлан хамгаалах,
  3. Гадаад бодлого,
  4. Шүүх засаглал,
  5. Эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн үндсэн чиглэлээр нэр дэвшигчид мэтгэлцэхээр тохироод байв.

-Д.ЭНХБАТЫГ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСНААР ШАЛТАГЛАЖ МЭТГЭЛЦЭЭНИЙГ ЦУЦАЛСАН УУ-

Мэтгэлцээнийг зохион байгуулж, шууд дамжуулах үүрэгтэй МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар өчигдөр хэвлэлийнхнийг цуглуулан бөөн оршил ярьж, зовлонгоо тоочсоны дараа “Нэр дэвшигчдийн сонгуулийн менежерүүдтэй уулзсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Дахин уулзаж мэтгэлцээнийг ямар хэлбэрээр, яаж явуулах талаар тохирно” гэсэн. Гэхдээ хуулийн дагуу өчигдөр /2021.06.07/ сонгуулийн сурталчилгаа өндөрлөсөн бөгөөд маргааш /2021.06.09/ санал хураалт болно. Тэгэхээр өнөөдөр тодорхой бус байгаа МЭТГЭЛЦЭЭНИЙГ зохион байгуулах нь үндсэндээ “Дашийн шог” болж байна гэсэн үг.

МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар мэдээлэл өгөх үеэрээ “Зөв ХҮН электорат” эвслийн зүгээс нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэм сайтар сахиулж студид авчирч, мэтгэлцээнд оролцуулах санал гаргасан. Мөн нөгөө хоёр нэр дэвшигчийг эмнэлэгт аваачин, мэтгэлцээн явуулж болох уу гэдэг гарц гаргалгааг бид хайсан. Эсвэл явуулын станц аваачин Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс, нөгөө хоёрыг нь студид авчран мэтгэлцүүлэх гурван хувилбар яригдсан. Ингээд Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү мэтгэлцээнийг тус эмнэлгээс шууд дамжуулах боломж байгаа эсэхээр албан бичиг явуулсан. Гэтэл тус эмнэлгээс Ковид19-ийн үед улаан бүс рүү гадны хүн нэвтрүүлэх боломжгүй, халдвартай иргэнийг гаргахгүй гэдэг хариу ирсэн. Ингээд шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна. Цахимаар мэтгэлцээн явуулах нь телевизийн эфирт тохирохгүй. Мөн тэгш эрхийг хангаж чадахгүй. Хоёр нь студид нэг нь цахимаар оролцохоор тэгш эрх зөрчигдөнө. Улс төрийн мэтгэлцээнийг хийхдээ нүүр нүүрээ хараад халз мэтгэлцэх шаардлагатай” гэсэн.

-УЛСЫН ТӨСВИЙН ТАТААС, АЙЛ, ӨРХӨӨС ХУРААМЖ ХҮЧЭЭР АВДАГ МҮОНРТ ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ХӨСӨРДҮҮЛЖ БАЙНА -

Тэгвэл энэ тайлбар зүгээр л шалтаг байна. Ингэж хэлж буй учир нь мэтгэлцээнийг зохион байгуулах боломжтой олон арга байна. Өнгөрсөн хоёр жил бүхэл, бүтэн парламентын үйл ажиллагаа, УИХ-ын чуулган цахимаар явагдсан туршлагыг судал. Хүүхдүүд мөн энэ төрлөөр хичээлдээ суралцсаныг сана. Тэгэхээр техник, технологи хөгжсөн энэ үед дижитал, цахим хэлбэрээр ганц удаагийн мэтгэлцээн зохион байгуулах чадваргүй бол Үндэсний олон телевизид хураамж төлөхөө зогсоое. Учир нь  тус байгууллага дөрвөн жилд ГАНЦХАН удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулдаг. Гэтэл арга, гарцгүй гацаж олон нийтээс санхүүждэг хэрнээ мэдэх эрхийг нь хөсөрдүүлэн мэтгэлцээнийг цуцалж буй нь удирдлагуудынх нь чадваргүйг илтгэж байна.

Мэтгэлцээн үзэж сонголтоо хийх боломжоор үзэгчдийг хангах ёстой.

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоолоор “Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам” батлагдсан. Энэхүү журмын дагуу Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 403 тоот тушаалаар Улаанбаатар хот, түүний дүүрэгт оршин суух айл өрх, хувь иргэдээс 1,100 төгрөг, албан байгууллагаас 1,650 төгрөг, аймгийн төвийн айл өрх, хувь этгээдээс 850 төгрөг, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 1,200 төгрөг, сум багийн айл өрх, хувь этгээд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 600 төгрөгийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг сар бүр авахаар тогтоосон нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд айл өрхийн сарын цахилгааны төлбөр дээр нэмж авах байдлаар төвлөрүүлдэг. Иргэд хураамжаа төлдөг учир үйлчилгээгээ авмаар байна.

МҮОНРТ нь зар сурталчилгааны төлбөрөөс гадна улсын төсвөөс татаас авдаг. Мөн айл өрх, албан байгууллага бүрээс хураамж хүчээр хураадаг. Хамгийн их төсөвтэй хэрнээ хамгийн сул контенттэй, хамгийн их улстөржсөн байгууллага гэдгийг иргэд мэднэ. Гэхдээ дөрвөн жилд ганц удаа мэтгэлцээн зохион байгуулж чадахгүй хэмжээний дорой болсон гэдгийг энэ удаагийн үйл явдал харуулж байна. Гагцхүү энэ үед л хэн нэгнээс хараат бус шийдвэр гарган, ажиллах ёстой билээ.