Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж: 95 нас хүртлээ Хан хуур хөгжмөө тоглоод, дараа нь хүүдээ өвлүүлнэ дээ

Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж: 95 нас хүртлээ Хан хуур хөгжмөө тоглоод, дараа нь хүүдээ өвлүүлнэ дээ

Монголын ардын урлагийн “хаан” морин хуур хөгжмийг Төрийн ордонд залах санаачлагыг анх гаргаж, тэр цагаас өдийг хүртэл Төрийн их ёслол хүндэтгэлийн Хан хуур хөгжмийг 50 гаруй жил эгшиглүүлж буй МУГЖ, төрийн хан хуурч Ц.Цэрэндоржтой ярилцлаа. Тэрээр сүүлийн үед олны өмнө харагдалгүй нэлээд удсан бөгөөд өдгөө 80 насыг зооглож буй юм. Гэсэн ч түүний бие тэнхээ данги, ануухнаараа байх бөгөөд өөрийн номоо хэвлүүлэх их үйлсэд ханцуй шамлан ороод байгаа аж.

-ӨМНӨГОВЬ АЙМАГТ 800 ХҮНИЙ СУУДАЛТАЙ, МИНИЙ НЭРЭМЖИТ
ТЕАТР БАРИГДАЖ БАЙНА-

-Сайн байна уу? Таны бие тэнхээ сайн уу? Сүүлийн үед та Төрийн ордноор харагдалгүй уджээ.

-Сайн, та амгалан байна уу? Миний хувьд ойрын саруудад номоо бичээд нилээд завгүй байгаа билээ. Тухайлбал, сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хийсэн уран бүтээлүүд болох ерөөл, магтаал, шүлэг яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол зэрэг бүтээлүүдээрээ ном гаргахаар зорьж байгаа юм.

-Таны хувьд хэзээнээс ном туурвих ажилдаа орсон бэ. Номны хэвлэгдэн гарах хугацаа нь хэзээ бол?

-Өчнөөн жилийн хугацаанд бичиж, тэмдэглэж байсан дэвтрүүдээ цуглуулаад, тэндээсээ номонд оруулах бүтээлүүдээ түүж бэлдэж, дараа нь уншиж, редакторлана гээд ажиллагаа ихтэй байна. Тиймээс одоохондоо хэвлэлтэд өгөх арай болоогүй л байна даа хүү минь. Ном хэвлүүлнэ гэдэг их ажил байдаг юм байна. Үүний хажуугаар Өмнөговь аймагт нэг театрыг миний нэрэмжит театр болгоно гээд тийшээ явах ажил бас байна.

-Их сайхан мэдээ байна. Ямар театр байгаа вэ, хэзээ ашиглалтад орох бол?

-Би чинь Өмнөговь аймгийнхаа Соёлын ордонд барилгачин хийж байгаад оёдолчин болоод дараа нь тухайн үеийн хариуцлагатай нарийн бичгийн дарга н.Бадамгаравын саналаар жүжигчин болж байсан юм. Харин өдгөө Өмнөговь аймагт миний нэрэмжит театр барьж байгаа юм билээ. Нээлт нь ирэх жилийн есдүгээр сард болно, 800 хүний суудалтай их том театр юм гэнэ лээ.

-ТӨРИЙН ОРДОНД МОРИН ХУУР ХӨГЖИМ ЗАЛАХ САНАЛЫГ МИНЬ ТУХАЙН ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ ДЭМЖСЭН-

-Таны нэрний урд "Төрийн хан хуурч" гэх эрхэм нэр хамт дуудагдаад 50 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, та Хан хуур хөгжмөө Төрийн ордонд эгшиглүүлээд 50 гаруй жилийг үдсэн байна. Энэ урт аялалын гараа анх хэрхэн эхэлж байв. Та энэ хөгжимтэй амьдралаа холбосон дурсамжаа хуваалцахгүй юу.

-Би багадаа айлд өргүүлж очиход манайх төмөр цартай морин хуур хөгжимтэй байсан юм. Өргөж авсан ээж маань хөгжмөөрөө “Жонон хар морины явдал”-ыг дардаг байлаа. Түүнийг дуурайж, дарсаар байгаад хуур тоглож сурч билээ. Ингэж л би морин хууранд дурлаж, хөглөдөг болсон юм.

-Төрийн ордонд Хан хуур залахыг та өөрөө санаачилж байсан гэсэн. Таны саналыг тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат хэрхэн хүлээж авч байв?

-Би нэг орой ном уншиж суугаад Аргусун хуурчийн домгийг олж уншсан юм. Эзэн Чингис хааны үед төрийн өргөө ордонд алтан хуурыг залж, Аргусан хуурч хуурдаж байсан түүхийг уншсан. Тэр хуур дайн тулааны хөлд үрэгдээд ор сураггүй болсон болов уу. Үүнээс хойш төр маань 700-800 гаруй жил хуургүй явж иржээ. Ингээд л би төрийн ордондоо морин хуураа залвал яасан юм бэ гэж бодсон. Тэгээд тухайн үед П.Очирбат Ерөнхийлөгчтэй очиж уулзахад тэрээр миний саналыг ихэд дэмжсэн. Тэгээд л би залахаар болж, мань хүн ч зарлигаа гаргасан. Тухайн үед хуурандаа ямар нэр өгөх вэ гэтэл "Хан хуур" гэж нэрлэе гээд хүмүүс хэлж байна. Тэгэхээр нь би өөрөө "Төрийн их хан хуур" гэж нэр өгсөн юм.

-Таны хувьд МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд өнөөг хүртэлх үе үеийн Төрийн тэргүүнүүд, Засгийн газрын үед төрийн их хуурч хийжээ. Таны бодлоор энэ бүх хугацаан дахь төрийн тэргүүнүүд дундаас хэн нь үндэсний түүх, уламжлал, хөгжмийн зэмсэг гээд Монголынхоо үндэсний урлагийг хамгийн их дээдэлж, бодлогоор дэмжсэн гэж боддог вэ?

-Анх дээрх шийдвэрийн дагуу Төрийн ордонд хуур залсны дараа, албан газруудад хуур залах асуудал яригдаж, цаашлаад айл болгонд морин хуур залах эх үүсвэр тавигдсан. Айл, өрх бүрийн хойморт морин хуураа залах энэ шийдвэр Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед гарсан санагдаж байна. Тухайн үед ингэж л санал санаачилга маань бодлого болон өргөжиж, улс орон даяар түгсэнд их  баяртай байдаг. Мөн Ерөнхийлөгч асан Н.Багабанди хуураа дээдэлье гэж зарлиг гаргаж, хуурын дэг жаяг, хэмжээ болон миний хуурыг цэнгүүлэн татахад төр түмэндээ өргөх айлтгал магтаалыг зарлигаар батламжлуулснаар хуур маань хүндэтгэлийн хувьд сайхан болж байлаа.

-ГАДНЫХАН МОРИН ХУУРЫГ ИХ УРТ ХЭРНЭЭ, ИЙМ САЙХАН АЯЛГУУ ГАРГАДАГ ХӨГЖИМ БАЙДАГАА ГЭЖ ГАЙХШИРДАГ-

-Сүүлд хэзээ төрийн ордондоо Хан хуураа эгшиглүүлсэн бэ? Ер нь төрийн хан хуурыг ямар үеэр тоглодог вэ?

-Сар шинийн баярын өглөө бүр Төрийн ордондоо Сар шинийн баярыг нээж "Төр түмэндээ өргөх айлтгал магтаал" уншин, залсан Хан хуурынхаа аялгууг эгшиглүүлдэг хүн билээ би. Мөн Үндэсний их баяр наадмаар Төрийн гурван өндөрлөг, ард түмэндээ Хан хуурынхаа аялгууг хүргэдэг.

-Заримдаа гадны улсын улс төрчид дипломат айлчлалаар ирэхэд та үндэсний хөгжмөө сурталчилж, хан хуураа тоглодог уу?

-Тийм үе бий бий. Заримдаа гадны улсууд ирээд манай хөгжмийн зэмсгийг сонирхож асуувал намайг дуудаж тоглуулдаг юм. Би очоод хуураа дарсны дараа нөгөө хүмүүс чинь толгой сэгсрээд л, их урт хэрнээ ийм сайхан аялгуу гаргадаг хөгжим байх гэж гээд их гайхширч байна гээд л орчуулагч маань хэлдэг дээ.

-Хан хуур хөгжмийн зэмсгийг хаана залсан байдаг вэ? Мөн уг төрийн ёслол хүндэтгэлийн хуур хөгжмийг хэн, ямар онцлогтойгоор, хэзээ урласан байдаг бол?

-Хан хуур хөгжмийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд залсан байдаг. Урлаачийн хувьд Хан хуур хөгжим болон Нийслэлийн сүлдэт хуурыг морин хуурын үйлдвэрийн Д.Уламбаяр хоёуланг нь урлаж байсан. Харин олон жилийн эдэлгээний дараа Төрийн их хан хуурын дуу суларсан тул 2019 онд шинэ хуурыг эдэлгээ сайтай “шувууны нүд” хэмээх модоор урлаж, алт, мөнгөөр сүлд урлан чимэглэж, залсан.

-БИ ЧИНЬ ХАН ХУУР, ТӨРИЙН МАГТААЛ ХОЁРООРОО Л ШАГНУУЛЖ,
БАХАРХАЖ ЯВДАГ ХҮН ШҮҮ ДЭЭ-

-Хан хуураа эгшиглүүлсэн энэ бүх хугацаан дахь хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцвал?

-Хуураа дарсан бүх л цаг үе эхнээсээ одоог хүртэл сайхан байсан. Анх Төрийн Хан хуураа залаад, тэр хуураа би өөрөө хуурдах болсон тэр цаг мөч хамгийн дурсамжтай үе. Мөн морин хуур хөгжмийг морины явдлаар тоглож, хуурддаг. Гэхдээ газар газрын морины явдал өөр байдаг шиг энд тэндхийн хүмүүс өөр өөрөөр хуурддаг гэж ярьдаг. Харин би Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынхаа ард түмний хуурддаг аялгуугаар Хан хуурандаа ая хийсэн юм. Мөн дараа нь хуурандаа төрийн магтаал уншъя гэж бодоод "Төр түмэндээ өргөх айлтгал магтаал" гэж магтаал бичсэн. Тэр цаг мөчүүд бүгд их сайхан. Би чинь бас "Нийслэлийн сүлдэт хуур"-ыг залсан юм шүү дээ. Учир нь айл болгон морин хууртай байхад Хотын захиргаа гэдэг чинь нэг айл л гэсэн үг гэж хэлээд залуулсан юм.(инээв). Би чинь хан хуур, төрийн магтаал хоёроороо л шагнуулж, бахархаж явдаг хүн шүү дээ.

-Та сая морин хуурыг тоглохдоо морины явдлыг бодож тоглодог гэж хэллээ. Тэгэхээр хэдий нэг нь хөгжмийн зэмсэг, нөгөө нь адгуус амьтан ч гэлээ энэ хоёр хоорондоо их холбоотой байх нь?

-Монгол хүн морио шүтдэг, морин хуураа дээдэлдэг гээд юм болгон холбоотой шүү дээ. Миний хувьд морин хуураа эгшиглүүлж байхдаа мориныхоо явдлыг хуураараа дараад л, аяа дараад давхиулж байгаа мэт төсөөлдөг.

-ХАН ХУУР ХӨГЖМӨӨ 95 НАС ХҮРЭЭД ИРЭХЭЭРЭЭ Л
ХҮҮДЭЭ ӨВЛҮҮЛНЭ ДЭЭ-

-Төрийн их хан хуурч хүний хувьд өөрийн залгамжлагчийг бэлдэж байгаа байх?

-Хүн өөрийн үр хүүхэддээ сургааль номлолоо айлдаж, зан заншлаа уламжлуулдаг шүү дээ. Түүний адилаар би хүү Ц.Соёл-Эрдэнэдээ төрийн хуураа уламжлуулж, Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадмаар Хан хуурыг эгшиглүүлэн аавынхаа үйл хэргийг залгамжлаасай гэж хүсдэг. Хүү маань төрийн аялгуу, айлтгал магтаалаа бүгдийг нь сурчихсан. Тийм болохоор би 95 нас хүрээд ирэхээрээ л хүүдээ өгчихнө дөө. (инээв)

-Тэр хүртэл өөрөө л хуураа эгшиглүүлэх нь байна шүү дээ. Энэ жилийн Сар шинийн баяраар мөн таныг хуурдахыг монгол түмэн хүлээж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Сар шинийн баяраар Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөндөө Хан хуур хөгжмөө эгшиглүүлнэ. Морин хуур хөгжмийг удаан тоглохгүй тавьчихвал хялгас нь муудчихдаг. Ойр ойрхон дараад л байвал хөгөө алдахгүй сайхан дуугаралттай байдаг. Тийм болохоор би Шинийн нэгний өдрөөс хэд хоногийн өмнө очиж, хуураа шалгаад, хөгөө тааруулан бэлддэг.

-Таны хүү Ц.Соёл-Эрдэнийн хувьд Монголынхоо үндэсний хөгжмийг чадварлаг тоглохоос гадна Японы үндэсний хөгжмийн нэг цүгарү жамисэн тоглодог гэж сонссон. Ер нь хүүгээ ингэж дуу хуур, хөгжимд хайртай хүн болоход та их нөлөөлсөн болов уу?

-Тийм шүү. Би хүүгээ багаас нь л хуур бариулж суулгаад зааж өгдөг байсан. Би ер нь хөгжмийг нотоор тоглодоггүй, ардынхаа уламжлалаар л тоглодог. Хүүгээ ч мөн ингэж сургасан.

-Таны хувьд Хан хуур хөгжмөө 50 гаруй жил төрийн ордонд эгшиглүүлж, морин хуур хөгжимтэй амьдралаа салшгүй холбосондоо үргэлж бахархаж явдаг байх?

-Тэгэлгүй яахав. Хэдэн зуун жилийн түүхтэй, Их эзэн Чингис хааны үед ч өргөөнд залагддаг байсан уламжлалт хөгжмийн зэмсэг шүү дээ. Хойшдоо ч Монгол орон байгаа цагт, Төрийн ордон байгаа цагт Төрийн их хан хуур хөгжим хэдийд ч хэвээрээ л байна, эгшиглэж л байна гэж итгэдэг.

-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, олон жил Хан хуур хөгжмөө уянгалуулан тоглож яваарай та.