У.Оргилмаа: Л.Оюун-Эрдэнэ Д.Гэрэл генералд гомдоход би юуг гэрчлэх гэж?

У.Оргилмаа: Л.Оюун-Эрдэнэ Д.Гэрэл генералд гомдоход би юуг гэрчлэх гэж?

Твиттерт “Эрх чөлөөт Оргио” хаягаар жиргэдэг нийтлэлч У.Оргилмааг Авлигатай тэмцэх газраас хоёр удаа дуудаж байцаалт, мэдүүлэг авсан байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь үүнээс үүдэлтэй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх асуудалд холбогдуулан ийнхүү гэрчийн мэдүүлэг авсан гэх мэдээллийн дагуу нийтлэлчийг олж уулзлаа. Гэтэл нийтлэлч У.Оргилмаа нь уг хэрэгт ямар ч холбогдолгүй бөгөөд чухам яагаад өөрийг нь холбогдуулан байцааж буйг тодорхой мэдээгүй байна. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газраас түүнд тодорхой мэдээлэл өгөөгүй гэсэн үг. Нэмж хэлэхэд тэрбээр сэтгүүлчээр 20 гаруй жил ажилласан ч мэргэжлийн дипломгүй учраас өөрийгөө сэтгүүлч гэж хэлдэггүй аж. Гэсэн ч уг асуудал нь нийт сэтгүүлчийн эрх ашиг, олон нийтийн асуудал бөгөөд хамгийн ноцтой нь улстөрчид өөрсдийнхөө асуудалд хөндлөнгийн хэн нэгнийг татан оруулж эрх, эрх чөлөөнд нь халдаж буй үйл явдал гэж дүгнэж болохоор байна. Хэрвээ энэ асуудал даамжирвал ганц нийтлэлч У.Оргилмаагаар зогсохгүй иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүссэн үедээ хумьдаг жишиг рүү орох эрсдэлтэй юм.

Энэ асуудлаар нийтлэлч У.Оргилмаагаас тодруулж, ярилцлаа.

СОНСОХ:

-“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВИЙН АСУУДЛААР НОМ ЭСВЭЛ ЦУВРАЛ НИЙТЛЭЛ БИЧИХЭЭР БЭЛДСЭН-

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, онц дэглэмтэй холбоотой асуудал болон Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэх хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас таныг дуудаж байцаалт авсан гэж би ойлгосон. АТГ-аас таныг дуудаж, байцааж буй учир шалтгаан юу вэ?

-Эхний удаа дуудаж уулзахдаа маш нууц гэдгийг тодотгосон. Ингээд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэх асуудалтай холбоотойгоор шалгаж байна гэсэн. Би Авлигатай тэмцэх газарт хоёр удаа байцаалт, мэдүүлэг өгчихөөд байна. Дахиад ч дуудах байх гэсэн. Уг нь гэрчийн мэдүүлэг гэх нэртэй боловч явцаас нь харвал байцаалт шиг санагдаад байгаа юм. Хоёр удаа дуудаж байцаалт мэдүүлэг авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн тухай асуусан. Эхнийхэд нь ганц, хоёр асуулт асуусан. Харин сүүлийнхэд нь дахиж асуухдаа нэлээн гүнзгийрүүлж “Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй уулзаж байсан уу. Д.Эрдэнэбилэгийг дэмжиж нийтлэл бич гэж Д.Гэрэл шаардаж байсан уу” гэх мэтээр асуусан. Энэ нь миний эрхэд халдсан гэж үзэж байгаа учраас над үлдсэн цор ганц хамгаалалт олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээс нуумааргүй байна. Тэгээд ч гэрчийн мэдүүлэг өгсөн цаасан дээр нууцын дардас байхгүй. Ямартай ч уг асуудалд оролцуулсан нь маш сонин санагдаж эхэлсэн. Миний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын аж, ахуй нэгжид шилжүүлсэн асууддыг зөв гэж  боддог. Засгийн газар тус үйлдвэрийн 49 хувийг авахаас татгалзсан байхад хувийн хэвшлийнхэн олдсон боломжийг ашиглаж авсныг гэмт хэрэг гэж боддоггүй. Ер нь шүүх хурлынх нь явцад тодорхой болох байх. Энэ талаар ном эсвэл олон цуврал нийтлэл бичихээр бэлдэж эхэлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг зөв гэсэн хувийн итгэл үнэмшилтэй байдаг учраас бодит баримтад тулгуурлаж нийтлэлээ бичдэг. Түүнээс хэн нэгнээс захиалга, урамшуулал авч энэ тухай бичиж байсангүй. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг нь хэзээ ч харж байгаагүй.

-Таны бичсэн материал ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчилтэй яаж холбогдчихов? 

-Тийм. Гэтэл гомдол гаргасан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатарын тухай нийтлэл огт бичээгүй. Тэгсэн мөртлөө Д.Гэрэл гэдэг хүний даалгавраар энэ хоёр сайдын эсрэг нийтлэл бичсэн байж магадгүй гэх хардалтаар л шалгаад байгаа юм. Ингэхдээ Д.Гэрэлээс ямар нэгэн материаллаг эд зүйлс авсан гэж хардаад байх шиг байна. Мөн Эрдэнэтийн 49 хувь, хар тамхины тухай асуухыг бодоход бичдэг нийтлэлүүдтэй л холбоотой хавийн хамаг хар толбыг наах бололтой.

-Гомдол гаргасан хүн нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар сайд юм байна. Тийм үү? 

-Гэрчийн мэдүүлэг авахдаа дахин дахин асуугаад байхад энэ нэрсийг л хэлсэн. Гэхдээ гомдогч, нэхэмжлэгч нь хэн юм гэдгийг цаасан дээрээс харуулаагүй. Маш нууцын дардастай хавтаст хэргүүд рүү заагаад энд баримтууд чинь бий гэдэг. Эхний удаад Л.Оюун-Эрдэнэ гэсэн нэрийг хэлсэн. Дараагийн удаа Л.Оюун-Эрдэнэ сайд үүнд хамаагүй Х.Нямбаатар гэсэн. Одоо дахин дуудахдаа хэний ч нэрийг хэлэх юм бүү мэд. Гурав дахь удаагаа дуудаж магадгүй шүү гэсэн. Хамгийн сүүлд уржигдар л гэхэд “Хар тамхи хэрэглэж байсан уу” гэж надаас асуусан. Ер нь бичээд буй нийтлэлтэй холбоотой юм болов у у гэж бодсон.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ Д.ГЭРЭЛД ГОМДСОНЫГ БИ ЯАГААД ГЭРЧЛЭХ ЁСТОЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА-

-Энэ хуулийн дагуу болж буй үйл явц мөн эсэх талаар судалж үзэв үү. Та өмгөөлөгчтэй ажиллаж байна уу?

-Би авлигачдын тухай их бичдэг. Тэдний үйлдлийг гэрчилнэ байх гэж их найддаг байсан. Намайг гэрчээр дуудвал би баримтуудаа үзүүлээд “Ийм учраас төрийн мөнгийг шамшигдуулсан гэж би үзэж байгаа шүү. Тийм үндэслэлтэй нийтлэл шүү. Та бүхэн үүнийг шалгаарай” гэж хэлнэ гэж боддог байсан. Хуулийн байгууллага нь сэтгүүлчтэйгээ хамтраад ажиллана гэж найддаг. Гэтэл энэ удаа санаанд оромгүй, байж болшгүй хэрэгт гэрчээр мэдүүлэг авч байна. Л.Оюун-Эрдэнэ Д.Гэрэлд гомдсон байхад би яагаад гэрчлэх ёстойг ойлгохгүй  юм. Мөн нэг сэтгүүлч Д.Гэрэлээс iphone, ipad авч бусдыг чагнасан, тагнасан гэх тухай яриа яригдсан. Гэтэл би iphone, ipad хэрэглэдэггүй. Өчигдөр Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг авахдаа “Самсунг маркийн утсаа яаж авсан тухай баримтаа бүрдүүлж өгөх боломжтой юу” гэсэн. Би бүрдүүлж өгөхийг бодно гэсэн. Нэгэнтээ мөнгөөрөө авсан юм чинь гэрчлэх ёстой. Гар утас худалдаж авсан газартаа л очих байхдаа.

-Х.НЯМБААТАР I PHONE, I PAD АВСАН СЭТГҮҮЛЧЭЭ ЗАРЛАЧИХААСАЙ -

iphone, ipad авсан сэтгүүлчийг таныг гэж хардаж байгаа юм уу?

-Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ гэж заасан байдаг.  Х.Нямбаатар сайд сэтгүүлчтэй холбоотой мэдэгдлийг хийсний дараа сэтгүүлчид, таньдаг хүмүүс “Тэр нь чи юм биш үү” гэж над руу их хандсан. Тийм учраас гүйцэтгэх ажиллагааны зардлаас мөнгө авч, iphone, ipad-аар шагнуулсан хүнээ Х.Нямбаатар сайд зарлачихаасай гэж бодож байна. Тэгэхгүй бол миний нэр төрд нэлээн халдсан, хардсан зүйлүүд олон хоног үргэлжлэн гарч байна. Хэвлэн нийтлэх эрх чөлөөний талаас нь дүгнэвэл нэгэнтээ би хүнийг гүтгэсэн байвал түүнийгээ шүүхэд нотлоход бэлэн.

Би ямар нэгэн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ажиллахгүй, байгууллагад харьяалагдахгүйгээр бичдэг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, цалин авахгүй, эзэнгүй явах нь надад хамгийн кайфтай байдаг. Үүнийг минь ашиглаж цаашид хэвлэн нийтлүүлэхгүй гэсэн мэт таслан зогсоох оролдлогууд гараад байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж буй үйлдэл юм. Ардчиллын тулгын гурван чулуу гэж үнэлэгддэг хуулийн өмнө тэгш эрхтэй байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг уландаа гишгэж эхэллээ.  Хуулийн байгууллагад дуудагдахдаа би гэрч болох нь гэж бодсон.

Харин одоо хоёр хүний маргааны дунд би өртчихсөн үүний улмаас зөвшөөрөлтэй эсэх нь үл мэдэгдэх байдлаар явсан, суусан газрыг минь мэдэж байгаа, дансны хуулга нь байна гэхчлэн сүрдүүлж байна. Хэний зөвшөөрлөөр хэн ийм мэдээлэл цуглуулсныг тайлбарлах ёстой. Прокуророос зөвшөөрөл өгсөн бол харуулахыг шаардаж байна.

-Та холбогдох байгууллагуудад нь гомдлоо гаргах уу?

-Нэг тийш нь шийдэгдсэний дараа гомдлоо гаргах нь зөв гэж бодож байна. Тодорхой хугацаа буюу 7-10 хоногийн дотор хэдэн удаа байцаалт өгөв, нэг удаагийн байцаалт хэдэн цагаар үргэлжилж байна вэ, асуулт нь ямар өнгө аястай байна гэдэг талаар гомдол гаргах эрүүдэн шүүсэн гэж үзэх  үндэслэлтэй байна гэж харсан.

Мөн Х.Нямбаатар сайд иргэн О гэж зарласан. Монгол улс хэчнээн  “О”-той, хэдэн сэтгүүлч “О”-той билээ. Гэтэл бүгдээрээ над руу “Та юм биш үү” гэж хандсан. Энэ нь надад хэцүү санагдсан. Хэрвээ Х.Нямбаатар сайд “Оргилмаа мөн” гэж хэлбэл би шүүхэд хандахад бэлэн. Мөн болоод л ганцхан би шалгагдаад байна шүү дээ.

Миний ажигласнаар Х.Нямбаатар сайд мэдэгдэл хийх үеэрээ Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 18.2 дахь заалтыг зөрчиж хэргийг эцэслэн шийдээгүй байхад эх сурвалж болон шалгагдаж буй мэдээллийг ил гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж мэдээлэл хийсэн.  Хуульзүй, дотоод хэргийн сайд нь Тагнуулын даргаа мөрдөж, тэр явцад нь өртсөн иргэний дансны хуулга, явсан газруудаар баримт бүрдүүлээд түүнийгээ нотлогдсон мэтээр мэдээлэх нь хуулийн зөрчил байтугай огцрох үндэслэл мөн. Миний уншсан, судалснаар бол Засгийн газрын төлөө Тагнуулын байгууллага ажилладаггүй. Харин Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд ажилладаг. Хамгаалахын төлөө хэнийг ч тагнаж, чагнаж болох байх.

-Яагаад заавал таныг хардаад байгаа юм бол. Таныг Д.Гэрэлтэй холбоотой гэж хардаад байгаа юм байна?

-Яагаад намайг гээд байгаа юм бол гэж бодож үзсэн. Л.Оюун-Эрдэнэ сайдтай сайд болсноос нь хойш нэг л удаа ажлын бус цагаар олон нийтийн газарт тааралдсан. Х.Нямбаатар сайдтай ганц ч тааралдаж гар барьж байгаагүй. Хамгийн гол нь би “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн” тухай, хар тамхины гэмт хэргийн тухай, “тээвэрлэгчид”-ийн тухай олон нийтлэл бичсэн. Цаашид ч улам их бичнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг яагаад дэмжээд байдаг вэ гэхээр шахааны хэмжээ багассан тендерийг ил болгодог болсон. Ашиг л илүү харагдах болсон. Анхнаасаа хувийн хэвшил удирдлагын багт орж олон нийтийн хяналтад орох нь зөв гэсэн байр, суурьтай байсан. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь монголчуудынх болсноос хойш нэг ч шахааг олж харсангүй, нэг ч баримт дэлгэгдсэнгүй. Тендертэй холбоотой жижиг, сажиг зүйлүүд гарсныг эс тооцвол мэдээлэл гарсангүй. Төрд 100 хувь байх нь илүү хатуу болгож “Зөвхөн төрд итгэ” гэсэн даалгавар шиг санагддаг байсан. Гэтэл энэ олон нийтийн өмч мөн бол олон нийтийн хяналт зайлшгүй байх ёстой гэсэн бодолтой. Хэн нэгний захиалгаар 49 хувийн талаар бичиж байсангүй. Энэ нь Д.Гэрэл, Оргилмаа, Эрдэнэбилэг, хар тамхи руу хүртэл орсон гэхээр бүр сонирхолтой байгаа юм. Юун жижиг хүнийг юун том хүмүүстэй холбосноосоо ичих хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт миний эх сурвалж хүн биш. Нээлттэй мэдээлэл голдуу, эсвэл архиваас баримтаа олж авдаг. Эд нар маань хүн хайгаад байна. Энэ л ойлголцох, хамтарч ажиллахад саад болдог байх.

- ӨНӨӨДРИЙНХ ШИГ  ХҮНД ӨДРҮҮДТЭЙ ТУЛГАРЧ БАЙСАНГҮЙ-

-Энэ бол хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж харагдахаар байна. Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Би Монголын хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг чамладаггүй, хангалттай гэж үздэг. Харин эрх чөлөөгөө бүрэн, дүүрэн эдэлж чаддаггүй сэтгүүлчидтэй орон. Эрхээ эдлээд явбал юу, юугүй бариад хориод дарамтлаад байгаа юм алга гэж би өмнө нь ч жиргэж байсан.  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зөндөө олон баримтыг дэлгэж байсан ч өнөөдрийнх шиг хүнд өдрүүдтэй тулгарч байсангүй. Ер нь цагдаад дуудаж л байдаг. Баримтаа гаргаж тавьдаг. Түүнийг нь цагдаа нар нэхэмжлэгч талд мэдэгддэг.

Гэхдээ хүний асуудал, байгууллагын асуудал гэдэг шал өөр. Байгууллагын эрх ашиг, эрх мэдэл, татвар, түрээсийн төлбөр, цалин, ажилчдын нийгмийн асуудал гэх мэт асуудал бий. Хэвлэл мэдээллийн байгууллага хуулийн зөвлөх, өмгөөлөгчтэй байдаг байх. Харин би бичсэн зүйлээ өөрөө баталдаг. Өмгөөлөгч авах боломж ч үгүй. Сайн дураараа өмгөөлөх хүн байдаг ч бичсэн зүйлдээ итгэлтэйгээс болоод татгалздаг. Мөн нэг хүний зардал өчүүхэн шүү дээ. Өглөө алхаад ирдэг. Өдөр аяга цай, ус уучихна. Орой алхаад харьчихна. Wifi үнэгүй болчихсон. Чөлөөт нийтлэлч гэж байдаг юм бол түүнийг үзье гэж бодоод л хийгээд эхэлсэн юм. Азаар хүмүүс миний нийтлэл уншдаг. Уншигчдадаа их баярладаг. Уншигчид үгүй бол би үгүй. Уншчихдаг, уншигдсаны дараа зарим асуудал нь олон түмний төлөө эерэгээр шийдэгддэг тохиолдол бий. Энэ нь миний урамшуулал гэж боддог.

-Сүүлийн үед хуулийн байгууллагууд олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлийг хүртэл хянана гэж мэдэгдээд байгаа шүү дээ. Үүнд та ямар байр, суурьтай байгаа вэ?

-Маш тодорхой заагаад өгөх ёстой юм бол хянаж болно. Жишээ нь садар самуун, хүчирхийлэл, галт зэвсэг, хар тамхийг сурталчилсан постыг анхааралдаа авч, огт оруулахгүй байх тал дээр хяналт тавих нь зүйн хэрэг. Түүнээс санал, бодлоо бичих бүрт нь цензур тавьбал хэцүү шүү дээ. Тэгвэл Ардчилалын үнэ, цэнэ үгүй болно.  

-Таны Авлигатай тэмцэх газарт дуудагдаж буй энэ асуудал хэр ноцтой вэ. Яаж шийдэгдэнэ гэж төсөөлж байна?

-Гомдоод буй хүндээ ноцтой байх. Миний бодлоор Тагнуулын ерөнхий газрын даргаа хуулийн дагуу томилоод “Чи энэ улс орны аюулгүй байдлыг хамгаална шүү” гэсэн үүрэг өгсөн бол эрхийг нь өгөх л ёстой. Тиймээс Тагнуулын ерөнхий газрын дарга нь өөрт хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд шалгах ёстой хүнээ шалгана.

Харин Тагнуулын газрын даргаа ямар тохиолдолд тагнаж, чагнадгийг нь би ойлгохгүй байна. Тэр үед нь нэг иргэнтэй уулзсан бол тухайн хүнийг хардаж хэлмэгдүүлэх нь бүр ч ойлгомжгүй “нугалаа” болно. Тагнуулын үе, үеийн дарга нарыг асууж байна. Хэзээ уулзсан, салсныг нь асууж байна. Ямар юмны харилцаа байх вэ. Ингээд бодохлоор үүнийг том хэрэг болгон мандуулах зорилготой эсвэл  бүр эцсийн дүндээ хэрэг биш ч болж магадгүй.

 Хуульчдын зүгээс намайг болгоомжил, олон нийтэд нээлттэй бай гэж зөвлөж байна. Миний төрөлх араншин ил гарах дургүй, анх удаа л танай сайтад ярилцлага өгч үзэж байгаа нь энэ. Гэхдээ миний ар тал олон нийт л юм. Би гэнэт алга болчихвол яах вэ?. Ямар ажил хийдэг, юуны тухай бичдэг, хаана яваагаа тэр бүр ар гэрийнхэндээ мэдэгддэггүй нь миний ажлын онцлог. Тэгэхээр олон нийт миний тухай мэдэж байвал хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Одоо Авлигатай тэмцэх газраас прокурорт маш нууцын зэрэглэлтэй очно. Тэндээсээ шүүхэд очно, зэрэглэл нь мөн хэвээрээ. Маш нууцын хэрэг юм чинь шүүхэд хаалттай хэлэлцэнэ. Тэгэхээр хэзээ, хаашаа, ямар шийдвэрээр ачаад явах нь мөн л нууц. Маш нууц юм чинь гээд хэлэхгүй явсаар би хохирвол яах билээ. Ийм учраас л танайд ярилцлага өглөө. Санаа тавьсанд маш их баярлалаа. Төгсгөлд нь миний сэтгүүлч найзуудаар намайг “алуулах” гэвэл бүтэхгүй гэдгийг сануулахыг хүсч байна.