Богдхан уулын ойн санд ойн хортон, хөнөөлтийн судалгаа эхэлжээ

Богдхан уулын ойн санд ойн хортон, хөнөөлтийн судалгаа эхэлжээ

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд ойн хортон, хөнөөлтийн хаврын судалгааг 2026 оны тавдугаар сарын 25-наас эхлүүлсэн байна.

Судалгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас мэргэжлийн эрх бүхий байгууллагууд, хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагчидтай хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Хүүш, Зайсан, Их тэнгэр, Бага тэнгэр, Залаат, Хүрхрээ, Хүрэлтогоот, Чулуут, Төрхурах, Шажинхурах зэрэг амуудад ойн хортон, хөнөөлтийн голомт бүсийг хамруулан судалгаа хийхээр төлөвлөжээ. Судалгааны үр дүнд үндэслэн цаашид авах арга хэмжээг тодорхойлох юм байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр ойн хортон шавж, тухайлбал хүр эрвээхэй нь нэг удаа олон мянган өндөг гаргах чадвартай бөгөөд хяналтгүй үржвэл богино хугацаанд ой модонд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс хортон шавжийн тархалтыг хянах, ойн экосистемийг хамгаалах нь түймрийн эрсдэлийг бууруулах, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байна.