Гаалийн ерөнхий газраас Замын-Үүд авто замын боомтоор нэвтэрч буй ачаа тээврийн хэрэгслүүдэд хийж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл гаргалаа.
Тус мэдэгдэлд дурдсанаар, Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 500 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бөгөөд үүнээс 400 гаруйд нь гаалийн бүрдүүлэлт хийж, эзэнд нь олгодог байна. Харин үлдсэн 90 гаруй тээврийн хэрэгсэл буюу нийт тээврийн хэрэгслийн 18 орчим хувьд эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нарийвчилсан хяналт шалгалт хийж байгаа аж. Сүүлийн өдрүүдэд АН-ыг төлөөлөн гаалийн харилцаанд оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн Т.Нэргүйгийн зургаан тээврийн хэрэгсэлд хийсэн шалгалтаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй бараа, бүтээгдэхүүн илэрсэн байна.
Тухайлбал,
- Дарс, шар айраг, ахуйн газ
- Өндөг, амтлагч зэрэг хүнсний бүтээгдэхүүн
- Хөргөлтийн болон үл мэдэгдэх шингэн бодисууд илэрчээ
Мөн зарим шингэн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хүргүүлж, барааны шинж чанар болон ангиллыг тогтоох ажиллагаа үргэлжилж байгааг мэдээлэв. Гаалийн байгууллагаас тухайн иргэн олон нийтийн сүлжээнд худал, ташаа мэдээлэл тарааж, шалгалтын ажиллагаанд нөлөөлөх оролдлого хийж байгаа тул асуудлыг холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж буйг онцолсон байна.
Түүнчлэн гаалийн байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд эрсдэлийн үнэлгээ хийж, хууль бус болон мэдүүлээгүй бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Иргэд, аж ахуйн нэгжүүдийг хууль бус үйлдэл болон ёс зүйн зөрчлийн талаарх мэдээллийг Гаалийн байгууллагын 1800-1281 дугаарт болон холбогдох байгууллагад шуурхай мэдээлж, хамтран ажиллахыг уриалжээ.
