Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн.
Тэгвэл НИТХ-аар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн асуултад хариулж байна. Энэ үеэр Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва "Нийслэлд дахиж татвар хураамж нэмэхгүй. Төр бизнестэй өрсөлдөхгүй. Бизнесийн байгууллага болон хувийн хэвшлийн хийж чадах ажил руу нийслэлийн өмчит компаниуд орохгүй. Хэрэв байвал татан буулгахаас буцахгүй" гэлээ. Нийслэлчүүдийн хувьд татвар хураамж нэмэгддэг байдал "шүдний өвчин" болоод байгаа билээ.