Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “цүнх”-ний асуудлаас болж улс төрийн хариуцлага хүлээсэн бол Хотын дарга асан Х.Нямбаатар товчхондоо “мах”-наас болж суудлаа өглөө гэхэд хилсдэхгүй. Учир нь хүүхдийнх нь нохойдоо өгдөг гэх тансаг стейкний талаарх мэдээлэл олон нийтийн дургүйцлийг төрүүлснээс хойш удалгүй нийслэлд нөөцийн мах ховордож, зах зээл дэх махны үнэ огцом өсөв. Зарим худалдааны төвд үхрийн мах килограмм нь 50 мянган төгрөг хүрсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд, иргэд нөөцийн махны урт дараалалд зогсох болов.
- ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ХҮН АМЫН ХҮНСИЙГ ХАНГАХ ҮҮРЭГТЭЙ -
Монгол Улсад нөөцийн махыг анхлан бэлтгэж, борлуулж эхэлсэн гол шалтгаан нь хаврын улиралд нийслэлийн хүн амын махны хангамжийг тогтвортой байлгах, үнийн огцом өсөлтөөс сэргийлэх явдал юм. Хаврын улиралд малчдын махны нийлүүлэлт багасдагтай холбоотойгоор зах зээл дээр махны үнэ өсөх хандлагатай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлж, зах зээлийн ханшаас хямд үнээр иргэдэд мах хүргэх замаар үнийн хөөрөгдлийг барих үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 178 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу энэхүү үйл ажиллагааг эхлүүлж, үүнээс хойш тасралтгүй хэрэгжүүлж буй.
"Нөөцийн мах" бэлтгэх ажлыг хэн хариуцах талаар Хүнсний тухай хуульд тодорхой заасан байдаг. Тодруулбал, тус хуулийн 6.2-т зааснаар тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хүн амын хүнсний хангамжийг хангах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын нөөцийн махны бэлтгэл, нийлүүлэлтийг тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар хариуцах ёстой байсан гэсэн үг. Гэвч эх сурвалжуудын мэдээлснээр нийслэл хот жилд дунджаар 5 мянган тонн нөөцийн мах хэрэглэдэг атлаа 2026 онд энэ хэмжээнд хүрч нөөц бүрдүүлж чадаагүй байж болзошгүй нөхцөл үүссэн байна.
- "ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР ХУДАЛДАХГҮЙ БАЙХ ГЭХ ЧИГЛЭЛ ӨГСӨН" -
Үүнээс гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр 2026 оны тавдугаар сарын 18-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа ноцтой мэдээлэл хийсэн. Тэрбээр нөөцийн мах нийлүүлэх гэрээ байгуулсан компаниуд “Хотын ерөнхий менежер худалдаалахгүй байж бай гэсэн чиглэл өгсөн” хэмээн тайлбарласан талаар мэдэгдсэн юм. Мөн энэхүү нөхцөл байдлыг махны үнийг зориудаар өсгөх гэсэн зохион байгуулалттай үйлдэл байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Удалгүй Ерөнхий сайдын зүгээс Нийслэлийн Засаг даргыг огцруулах арга хэмжээ авсан гэх мэдээлэл гарч, түүнээс хойш нөөцийн мах эргэн худалдаанд гарч эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг улам татав. Иргэдийн дунд “гурван цаг дугаарлаж байж гурван уут мах авлаа” хэмээх яриа гарч буй нь асуудал ямар хэмжээнд хүрснийг харуулна. Энэ дүр зураг нь яг л аав ээжийн социализмийн үед талхаа авахдаа дугаарладаг байсан түүхийг санагдууллаа.
- 1995 ОНД МОНГОЛЧУУДЫГ "КАРТЫН БАРАА"-ААС ГАРГАЖ, КОВИДЫН ҮЕД Ч ЛАНГУУГ ДҮҮРЭН БАЙЛГАСАН НЬ ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ ГАВЪЯА-
Тодруулбал, Социализмийн үед буюу 1990 оноос өмнө манай улс “захиргаадалтын буюу төвлөрсөн төлөвлөгөөт” эдийн засагтай буюу төр бүгдийг зохицуулдаг байв. Энэ үед хувийн өмч байхгүй, иргэд хувиараа аж ахуй эрхлэх нь хориотой байсан үе. Түүнчлэн гадаад худалдааныхаа 90-95 хувийг ЗХУ-тай хийдэг байсан гэдэг.
Улмаар 1991 онд ЗХУ задарч, манай улс ч ардчилал нийгэм шилжсэн. Алдарт 20 дугаар тогтоолын дараа Монголын нийгэм, эдийн засгийн амьдрал хүмүүсийн төсөөлснөөс огт өөрөөр эргэсэн гэдэг. Энэ үед цахилгаан, шатахууны хомстол, хоол хүнсний дутагдал үүссэн тул тухайн үеийн Монголын удирдагчид “картын бараа”-ны системийг нэвтрүүлсэн байдаг. Учир нь 1991 онд зүүн европын улсууд зах зээлд шилжиж бүх худалдаагаа доллараар хийж эхэлсэн гэдэг. Гэтэл энэ үед манай улс долларын нөөцгүй байсан тул гадаадаас бараа авах боломжгүй болж гэнэт хүнс, барааны хомстолд орсон тул “байгаа жаахан хүнсээ” тэгш хүртээмжтэй хуваарилахын тулд “картын бараа”-ны системийг зохиосон. Тодруулбал, тухайн үед насанд хүрсэн бүх иргэн карттай байх бөгөөд, тус картанд мах, сүү, талх, будаа, элсэн чихэр, хоёр шил архи л багтдаг байв. Харин 1995 онд П.Жасрай сайдын Засгийн газар картын бараанаас бүрэн татгалзаж, Монгол Улсын хүнс, барааны хангамжийг төр биш хувийн хэвшил хариуцаж, зах зээлийн тогтолцоонд шилжих шийдвэр гарсан.
Ингээд хувийн хэвшил талхаа хийж, дэлгүүрээ өөрсдөө ажиллуулдаг болсноор энэ тогтолцоо өнөөдрийг хүртэл үргэлжилж хэдхэн жилийн өмнө тохиолдсон Орос дайнтай, Хятад коронавирустай, урд, хойд хил хаалттай байх хүнд үед дэлгүүрийн лангуу дүүрэн барааны сонголттой байсан нь зах зээлийн тогтолцоо, хувийн хэвшлийнхний маань гавьяа юм.
- УЛААНБААТАР ХОТЫН МАХНЫ ХАНГАМЖИЙГ ТӨР БИШ ХУВИЙН ХЭВШЛИЙН ӨРСӨЛДӨӨН, ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМД ТУЛГУУРЛАХ НЬ ИЛҮҮ ЗӨВ ГАРЦ -
Харин өнөөдөр нөөцийн махны асуудал дээр төрийн хэт оролцоо, буруу зохион байгуулалт, улс төрийн нөлөөлөл нь эсрэгээрээ хомстол, дараалал, үнийн өсөлт авчирсан байж болзошгүй дүр зураг харагдаж байна. Нийслэлийн иргэд 2007 оноос хойш нөөцийн мах хэрэглэж эхэлсэн. Гэвч 19 жилийн хугацаанд энэ тогтолцоо боловсронгуй болж, асуудалгүй болохын оронд жил бүр урт дараалал, хомстол, маргаан дагуулсан хэвээр байна. Магадгүй Улаанбаатар хотын махны хангамжийг төр өөрөө төвлөрсөн байдлаар удирдах биш, харин хувийн хэвшлийн өрсөлдөөн, зах зээлийн зарчимд тулгуурлан зохицуулах нь илүү зөв гарц байж болох юм. Учир нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль-ийн 8 дугаар зүйлийн 4-т “Эдийн засгийн харилцааг аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийн сонирхолд нийцүүлэн зохицуулж, шударга өрсөлдөөнийг дэмжин, дангаар ноёрхлыг хязгаарлах” талаар тодорхой заасан байдаг. Төр зах зээлийг орлох гэж оролдох бүрд хомстол үүсдэг. Харин өрсөлдөөнийг дэмжих үед бараа арвин, сонголт элбэг байдаг нь Монголын сүүлийн 30 жилийн түүх өөрөө харуулсаар ирсэн билээ.