Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг “Туулын хурдны зам”-ын төслүүдийн сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдээс хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ давуу байдал олгож авсан мөнгөө ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргээр АТГ-аас шалгаж байгаа.
Т.Даваадалай нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон тул түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах, 17.4 дүгээр зүйл буюу хөрөнгө завших гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайн хэрэгт холбоотойгоор түүнийг төрсөн дүү Т.Мөнхдалайг мөн шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэсэн зүйл ангиар мөрдөн шалгах эхэлсэн байна. “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалай нь төрсөн ах Т.Даваадалайгаа Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байх үед дээрх төслийн захирлаар ажиллаж эхэлсэн байдаг юм.