ХЭРГИЙН МӨРӨӨР: "Согтуугаар машин барьж байсан эхнэрийг нь шалгаж, илрүүллээ" хэмээн замын цагдаагийн алба хаагчийг гурван удаа хутгалжээ

ХЭРГИЙН МӨРӨӨР: "Согтуугаар машин барьж байсан эхнэрийг нь шалгаж, илрүүллээ" хэмээн замын цагдаагийн алба хаагчийг гурван удаа хутгалжээ

Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гурван удаа хутгалсан ноцтой хэрэг энэ сарын 16 /2026.05.16/-ны өдөр Хан-Уул дүүрэгт гарсан. 

Тодруулбал,  Замын цагдаагийн алба хаагч Б нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллах явцдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулан шалгах үед жолоочтой хамт зорчиж явсан 47 настай, эрэгтэй "Ө" гэгч нь алба хаагчийг хэл амаар доромжилж, шаардлагыг эсэргүүцэж, улмаар иргэн "Ө" гэртээ харихаар явсан боловч буцаж хутга нуун ирж, алба хаагчийн биед халдаж, гурван удаа хутгалсан ноцтой хэрэг гарсан байдаг. Харин тухайн иргэн яагаад цагдаагийн алба хаагчийн биед халдах болов, хохирогчийн биеийн байдал гээд олон асуулт өдгөө хариултгүй байгаа. Тиймээс бид иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс уг хэргийг "Хэргийн мөрөөр" буландаа хөндлөө. 

-СЭЖИГТЭН ЭТГЭЭД ХУВЦСАА СОЛЬЖ, ХУТГА НУУЖ ИРЭЭД ЦАГДААГИЙН БИЕД ХАЛДЖЭЭ-

2026 оны тавдугаар сарын 16-ны өдрийн шөнийн 12 цагийн орчимд, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засгийн сургуулийн урд талын авто зам дээр тус дүүргийн Замын цагдаагийн нэр бүхий алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байжээ. Энэ явцад Toyota Highlander маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан Б гэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тусгай багажаар шалгаж үзсэн байна. 

Ингэхэд тухайн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Мөн түүнтэй хамт явж байсан нөхөр Д.Ө гэгч нь согтуу байсан бөгөөд цагдаагийн алба хаагчдыг “Яагаад байгаа юм. Та нарыг бүгдийг чинь хутгална” хэмээн заналхийлж байгаад явсан байна. Харин тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б гэх эмэгтэй нь  цагдаагийн алба хаагчдад шалгуулж дуусаад, тээврийн хэрэгслээ үлдээгээд нөхрийнхөө араас явсан байгаа юм. 

Гэтэл үүнээс нэг цаг орчмын дараа буюу шөнийн 01 цагийн орчимд цагдаа нарыг заналхийлж байсан Д.Ө гэгч нь хувцсаа сольж өмсөөд, биедээ хутга нууж цагдаа нар дээр ирээд үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Б-гийн нуруун тус газарт нэг, цээжинд нэг, гарт нь нэг удаа хутгалж, улмаар хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөн хутгалахыг завдсан байна. 

Улмаар Д.Ө гэгч нь хэргийн газраас зугтаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нуугдсан байхад нь эрэн сурвалжилж, хойшлуулшгүйгээр баривчилсан байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн алба хаагчийг гурван удаа хутгалж, хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг хутгалахыг завдсан этгээд нь нэлээдгүй согтуу байсан аж. Хэрэг учралын дараа цагдаагийн алба хаагчийг шуурхай эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. 

-ЦАГДААГ ГУРВАН УДАА ХУТГАЛЖ, ХАМТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН АЛБА ХААГЧИЙГ ХУТГАЛАХЫГ ЗАДВСАН ЭТГЭЭДИЙГ ЦАГДАН ХОРЬЖ ШАЛГАЖ БАЙНА-

Харин тус хэргийг өдгөө мөрдөх байгууллагаас мөрдөн шалгаж байгаа бөгөөд Д.Ө гэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг алах, мөн Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэсэн зүйл ангиар яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Энэ талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс "Яллагдагч Д.Ө-г Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.9, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Прокуророос яллагдагч Д.Ө-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг 2026 оны тавдугаар сарын 18-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, өмгөөлөгчийн тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Д.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахын завдсан, эсхүл оргон зайлсан...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно...” гэх хууль зүйн үндэслэлтэй байна үзэн прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв" хэмээн мэдээлсэн байна.