Лаосын төв хэсгийн Сайсомбун мужид орших агуйд долоо хоног шахам хугацаанд гацсан долоон иргэнийг аврахаар шумбагчид нарийн, усанд автсан хонгилуудаар дамжин ажиллаж байна.
Орон нутгийн болон Тайландын аврах багийн мэдээлснээр, иргэд өнгөрсөн лхагва гарагт алт хайхаар агуй руу орсон ч хүчтэй аадар борооны улмаас үер бууж, гарах гарц нь хаагджээ. 2018 онд Тайландын хөвгүүдийн хөлбөмбөгийн багийг агуйгаас аварч байсан туршлагатай хоёр Тайланд, нэг Финланд шумбагч даваа гарагт ослын бүсэд хүрэлцэн ирж, аврах ажиллагаанд нэгджээ.
Аврагчид гацсан хүмүүсд хүрэхийн тулд 340 метр урт хонгилоор дамжин явах шаардлагатай бөгөөд хонгилын ихэнх хэсгээр мөлхөж явах нөхцөлтэй байгаа аж. Хамгийн нарийн хэсгийн өргөн ердөө 60 сантиметр тул ажиллагаа маш хүндрэлтэй байгааг аврах ажиллагааг зохицуулж буй MTK Command and Control Center мэдээлсэн байна.
Аврах багийнхан хүчилтөрөгчийн хэмжээ болон хорт хий илрүүлэх зорилгоор ус нэвтэрдэггүй хамгаалалтын малгай, амьсгалын маск, хий хэмжигч төхөөрөмж ашиглаж байгаа аж. Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдэд аврагчид бараг бүхэлдээ усаар дүүрсэн харанхуй агуйн хонгилуудаар явж буй нь дүрслэгджээ. Мөн гаднаас нь кабель татан, аврагчдыг агуйн гүн хэсэгт чиглүүлэх ажиллагаа явагдаж буй бичлэг ч цацагдсан байна.
Аврах ажиллагаа уулсаар хүрээлэгдсэн, ашигт малтмалын баялаг нөөцтэй Лонг Тиен орчимд өрнөж байгаа юм. Бүлгийн нэг хүн гарч амжсаны дараа эрх баригчдад мэдээлснээр ослын тухай анх мэдэгдсэн байна. Одоогоор агуйд гацсан долоон хүн амьд байгаа эсэх нь тодорхойгүй байгаа талаар албаныхан мэдээлжээ. Орон нутгийн иргэд аюулын сэрэмжлүүлгийг үл харгалзан тухайн агуй орчимд алт хайхаар тогтмол ордог гэж аврах багийн ахлагч Бункхам Луанглат мэдэгдсэн байна. Лаос нь нэг намын тогтолцоотой улс бөгөөд мэдээллийн урсгалыг хатуу хянадаг тул эрх баригчид одоогоор албан ёсны дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: CNN