ХЭРГИЙН МӨРӨӨР: Монголоос албадан гаргасан Хятадын иргэн Гао Линжон “Ворлд Монголиа Тауэр”-т зочид буудал зөвшөөрөлгүй ажиллуулж, татвараас "нуугддаг" байжээ

ХЭРГИЙН МӨРӨӨР: Монголоос албадан гаргасан Хятадын иргэн Гао Линжон “Ворлд Монголиа Тауэр”-т зочид буудал зөвшөөрөлгүй ажиллуулж, татвараас "нуугддаг" байжээ

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, зөвшөөрөлгүйгээр зочид буудлын үйл ажиллагаа явуулсан, татварын хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр БНХАУ-ын иргэн Гао Линжоныг 2026 оны тавдугаар сарын 12-нд Монгол Улсаас албадан гаргасан талаар албаныхан мэдээлсэн.

Түүнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах объектод зөвшөөрөлгүй зочид буудлын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд төлбөрөө хувийн дансаар авч, татвар төлдөггүй байсан талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд мэдээлсэн. Мөн тухайн байранд БНХАУ-ын иргэд олноор байрлаж, орж гардаг байсан гэх мэдээлэл бий.

"ГАО ЛИНЖОН НЬ ВОРЛД МОНГОЛИА ТАУЭРТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ БАЙЖЭЭ"

Тэгвэл уг асуудлыг судалж үзвэл тус иргэн нь БГД-ийн 17 дугаар хороонд байрлах “Ворлд Монголиа Тауэр” барилгад зочид буудлын үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Хэдхэн хоногийн өмнө албадан гаргасан тус иргэний зочид буудал явуулдаг объектод өдгөө ямар үйл ажиллагаа явуулдаг гэдгийг сурвалжлахаар газар дээр нь очлоо.

БГД-ийн 17 дугаар хороонд байрлах “Ворлд Монголиа Тауэр” барилга нь нийт 17 давхар бөгөөд олон аж ахуйн нэгж түрээсээр үйл ажиллагаа явуулдаг байна. Барилгын цахилгаан шат болон мэдээллийн самбаруудад хятад ханз болон кирилл бичгээр “оффис түрээслүүлнэ”, “орчуулагч”, “такси” гэх зарууд байршуулсан байсан нь анхаарал татав. Энэ нь тус барилгаар БНХАУ-ын иргэд цөөнгүй үйлчлүүлдэг болохыг илтгэж байлаа.

Харин Гао Линжоны үйл ажиллагаа явуулж байсан гэх 14 дүгээр давхарт гарахад нөхцөл байдал өөрчлөгдсөн байв. Одоогоор тус давхарт 10 гаруй аж ахуйн нэгж талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа гэх боловч ихэнх өрөө тасалгаа гадна хаяггүй, хаалга нь цоожтой байлаа.

Тус давхарт ажиллаж байсан үйлчилгээний ажилтан  “Би зөвхөн давхар болон ариун цэврийн өрөө цэвэрлэдэг. Ямар байгууллагууд байдгийг сайн мэдэхгүй. Дотогшоо оруулахгүй” хэмээн ярив. Мөн барилгын ээлжийн харуул “Энд олон байгууллага бий. Нэг бүрчлэн мэдэх боломжгүй. 14 дүгээр давхарт ихэвчлэн жэмма компанийн салбарууд байдаг” гэхээс өөр үг “унагасангүй”.

"ВОРЛД МОНГОЛИА ТАУЭР НЬ БАЯН ШИРЭЭТ КОМПАНИЙН ӨМЧ"

Газрын кадастрын нэгдсэн цахим систем болох www.egazar.gov.mn сайтаас шүүж үзэхэд “Ворлд Монголиа Тауэр” барилга нь “Баян ширээт” компанийн өмч болох нь харагдаж байна. Иймээс олон жилийн турш үргэлжилсэн гэх энэхүү үйл ажиллагааг барилгын өмчлөгч болон удирдлагын зүгээс огт мэдээгүй байсан уу гэх асуулт урган гарч байна.

ГАО ЛИНЖОНЫГ АЛБАДАН ГАРГАХ ШИЙДВЭР 2024 ОНД ГАРСАН Ч ТЭРБЭЭР ШҮҮХЭД ХАНДСААР ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦАА “ХОЖИВ”

Эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын иргэн Гао Линжон нь 2012 оноос хойш хөрөнгө оруулагч ангиллаар Монгол Улсад оршин сууж байжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг байгууллагуудад удаа дараа өргөдөл, гомдол гаргаж байсан бөгөөд шалгалтын явцад зарим гомдол нь нотлогдоогүй талаар эх сурвалжууд мэдээлэв. Мөн тэрбээр захиргааны хэргийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч шүүхүүд түүний шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Албаныхны мэдээлснээр, шалгалтын ажиллагааны үеэр төрийн байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй байх, дуудсан цагт ирэхээс зайлсхийх, ажиллагаанд саад учруулах зэрэг нөхцөл үүсч байжээ. Товчхондоо, Гао Линжоныг албадан гаргах шийдвэр 2024 онд гарсан бөгөөд дээрх байдлаар хугацаа хожиж хоёр жилийн турш үйл ажиллагаагаа явуулсан гэх дүр зураг харагдаж байна. 

Хууль хяналтын байгууллагуудын мэдээлж буйгаар визийн нөхцөл зөрчих, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, зөвшөөрөлгүй бизнесийн үйл ажиллагаа явуулах зэрэг зөрчил сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна.

Тухайлбал, 2024-2025 оны хооронд энэ төрлийн зөрчил 66.7 хувиар өссөн талаар албаныхан мэдээлжээ.

Мөн Гадаадын иргэн, харьяатын байгууллага 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар 16.881 гадаадын иргэн, 3.582 аж ахуйн нэгжид  Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 1.222 иргэнийг албадан гаргасан байна. Үүнээс өмнө, 2026 оны гуравдугаар сард БНХАУ-ын иргэн Чин Гэлэ визийн хугацаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргаж, албадан гаргах ажиллагааны үеэр оргон зайлсан хэрэг мөн бүртгэгдэж байлаа.

 

Энэ төрлийн хэрэгт тухайн этгээд нь төрийн албан хаагчид биед халдсан, хахууль авсан зэргээр хууль хяналтын байгууллагуудад гомдол гаргадаг нь шалгалтын ажиллагаа удаашрах, олон шатны гомдол, нэхэмжлэлтэй холбоотойгоор хугацаа алдах тохиолдол гардаг талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд онцолж байна. Иймд эл нөхцөлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна. Мөн Нөгөө талаас, гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлт, түрээсийн байр, үйлчилгээний үйл ажиллагаанд тавих хяналт хэр үр дүнтэй байгаа нь мөн анхаарал татаж буй асуудал юм. “Ворлд Монголиа Тауэр”-ын 14 дүгээр давхарт өнөөдөр ямар үйл ажиллагаа явагдаж байгаа нь бүрэн тодорхой бус хэвээр үлдлээ.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө