Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн хуучин захиргааны “ногоон дээвэртэй” барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгоно гэв

Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн хуучин захиргааны “ногоон дээвэртэй” барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгоно гэв

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж, хуралдааны эхэнд Ерөнхий сайд Н.Учрал хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх зарим ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр Сүхбаатарын талбайн баруун талд байрлах, нийслэлийн хуучин захиргааны буюу олны дунд “ногоон дээвэртэй” хэмээн нэрлэгддэг барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгох шийдвэр гаргаснаа танилцуулсан байна. Тус барилга нь Улаанбаатар хотын төв цэгт байрладаг бөгөөд цаашид хүүхдийн хөгжил, авьяас чадвар, чөлөөт цагийн үйл ажиллагаанд чиглэсэн цогц орчин болгон ашиглах аж.

Ерөнхий сайд Н.Учрал “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаан Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн  зохион байгуулагдаж байна. Хүүхдийн баяраа хүүхдийн төлөө чөлөөлж тэмдэглэнэ. Эцэг эхчүүд бид хүүхэд бүхэн өдөр бүр инээж байхын төлөө бүхнийг хийх үүргээ биелүүлж чадаж байна уу. Монгол бол хүүхэд, залуусын орон. Гурван монгол хүн тутмын нэг нь хүүхэд. Харин Монгол хүүхдүүддээ ээлтэй орон мөн үү? гэвэл Тийм гэж хэлэх хүн олдохгүй. Хүүхдийн асуудал бол улс орны асуудал. Хүүхдийн асуудал бол Монголын илүү сайхан ирээдүйн төлөөх өнөөдрийн асуудал. Хүн болж өсөж торних ээлтэй орчин нөхцөл, орон зай дутагдаж байна.  Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, эх, хүүхдийн эндэгдэл өсөж байна. 2025 онд  2025 онд 53,716 эх амаржсан нь өмнөх оныхоосоо 3,603-аар бага. Эхийн эндэгдэл 2025 онд 31.4 промил,  5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1.7 промилээр өссөн байна. Өсвөр насны охидын төрөлт Номхон далайн баруун эргийн бүсийн дунджаас 12.5 хувиар өндөр байна. Эрт илрүүлгээр монгол хүүхдүүдийн дийлэнх нь шүдний өвчтэй, харааны өөрчлөлттэй, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал нэмэгдсээр байна. Өсвөр насны 2 хүүхдийн нэгийнх нь эрх цахим орчинд зөрчигдөж, дарамт, гадуурхал, үе тэнгийн дээрэлхэлтэнд өртөж хохирсон судалгааны дүнг бид уншиж байна.  Охидын жирэмслэлт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэвчишгүй хөдөлмөр өсөж, нэг жилд 50 гаруй буюу танхим дүүрэн багачууд зам тээврийн ослоор амиа алдаж байна. Энэ бүх тоо юу хэлэв. Энэ бүх тооны ард монгол хүүхдийн амьдрал, монгол айлын хувь заяа бий. Энэ тоо бүрийн ард Монгол Улсын ирээдүй бий. Энэ бол статистикийн тоо гэхээс илүү Та бид хүүхдүүдийнхээ төлөө За гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг сануулсан түгшүүрийн дохио юм. Монгол Улсын Засгийн газрын Чөлөөлье бодлого бол хүүхдэд халтай чөдөр тушааг тайлж, хүүхдэд ээлтэй чөлөөлөлт явуулах зам юм. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд ээ, Өнөөдөр Та бид Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2025, 2026 онд баталсан шийдвэр, ажлын үр дүнг дүгнэнэ. Өнөөдөр Та бид хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрх, хамгааллын ажлын үнэн бодит байдлыг илэн далангүй хэлэлцэнэ. Өнөөдөр Та бид Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрмийг өөрчлөх, Хүүхэд хамгааллын бодлогыг шинэчлэн батлах, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө мөнгийг хүүхдүүддээ хэрэгцээтэй юунд зарцуулах талаар шийдвэрлэнэ. Өнөөдөр хүүхдийн төлөө хэлж яриад тарах ээлжит нэгэн хурал биш дорвитой шийдсэн хурал байхыг хүсэж байна.  Монголчууд  олуулаа болж, монгол залуу хосууд хүүхэд төрүүлэх хүсэл сонирхол буурч байгаагийн нэг том шалтгаан нь хүүхэд өсөж хөгжих орчин нөхцөл муу байгаагаас болж байна. Өмнөх нийгэм, өмнөх зуунд хүүхдийн төлөө бүтээсэн бүхнийг хүүхдүүдээсээ булааж авсан. Нийгмийн шилжилтийн үе бол хүүхдэд зориулсан бүхнийг булаасан үе байсан. Өмч хувьчлал  хүүхдийн ирээдүйг булаасан сүүдэр дагуулсан. Хүүхдийн кино театр бирж болсон, Хүүхдийн зуслангууд томчуудын амралтын газар болсон, Хүүхдийн паркын цэнгэлдэхийг нураасан, Хүүхдийн номын сан, Хүүхэд, залуучуудын театр банк болсон. Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр, Хүүхдийн хэвлэлийн газар дурсамж болсон. Хүнсний зах, шашны сүм хийд болсон. Энэ бүхэн зөвхөн өмч хөрөнгө биш хүүхэд хөгжих, сурах, бүтээх алдагдсан орон зай, булаагдсан орчин нөхцөл юм. Өнөөдөр сая хүүхэд өсөж өндийж байгаа Улаанбаатар хот ердөө ганцхан Хүүхдийн ордонтой. Авьяас чадвараа нээж хөгжүүлье, бүтээе, суръя гэсэн хүүхдүүд багтахгүй, сургалт, дугуйландаа зай талбай нь хүрэхгүй, хонгил подвалаа хүртэл ашиглаж байна. Хумигдсан орон зайд монгол хүүхдүүд хүн болох гэж хичээж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд ч, дөрвөн хүүхдийн эцэг хүний хувьд ч хурлын эхэнд ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН нэгийг нэмж байгаагаа байгаагаа танилцуулж байна. Сүхбаатарын талбайн баруун талд, Улаанбаатар хотын төв цэгт, хуучин хотын захиргаа байсан, олны хэлдгээр ногоон дээвэртэй барилгыг ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН болгож байна. Хүүхдийн төлөө санд байгаа, энэ онд зарцуулах 7 тэрбум төгрөгийг засвар, тохижуулалтанд нь зориулна. Хүүхдүүдийнхээ шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг, соёл, технологи, инновацийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг, чадварт суралцаж, дэлхийн Монгол хүнийг бэлтгэх шинэ орон зайг нээж байна. Монголын “Хүүхдийн ордон-2”-ын өдөр тутмын үйл ажиллагааг нь Монголын Хүүхдийн ордны захиргаа хариуцна. Захирал, дарга биш зай, талбай нэмэгдэнэ. Энэ дашрамд, үндэсний компаниуд, баялаг бүтээгчдээ нийгмийн хариуцлагынхаа дагуу сайн санааны үйлс өрнүүлж, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОНД сургалтын өрөө танхим тохижуулж, өөрсдийн нэрэмжит болгож, орчин нөхцлийг бүрдүүлэхэд оролцохыг урьж, уриалж байна. Энэ бол алдсан боломжоо буцаан авах шийдвэр. Энэ бол Хүүхдийн баярыг угтсан шийдэл. Хүүхдээ хамгаалж чаддаг, хүүхдээ хөгжүүлэх орон зай, орчин нөхцөл бүрдүүлж улс оронд л илүү сайхан ирээдүй бий” гэлээ.