Орос улс Украинд дайн эхэлснээс хойших хамгийн том дайралтуудынхаа нэгийг Киевт хийснээс хэдхэн хоногийн дараа Украины нийслэлийн эсрэг “системчилсэн шинэ цохилт” эхлүүлнэ хэмээн анхааруулжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд шинэ цохилтууд нь “шийдвэр гаргах төвүүд”, командлалын цэгүүд болон нисгэгчгүй онгоц үйлдвэрлэдэг байгууламжуудыг чиглэнэ гэж дурдсан байна. Мөн Москва гадаадын иргэд болон дипломат төлөөлөгчдийг Киев хотоос “аль болох хурдан” гарахыг уриалж, цэргийн болон захиргааны барилга байгууламжаас хол байхыг зөвлөжээ.
Үүний хариуд Украин Оросын мэдэгдлийг “ичгүүргүй шантааж” хэмээн тодорхойлж, холбоотон орнуудаа Москвад илүү хүчтэй дарамт үзүүлэхийг уриалсан байна.
Украины тал “Орос улс гадаадын дипломат корпусыг айлгахын тулд зориуд цохилт өгч байгаагаа бараг хүлээн зөвшөөрлөө” хэмээн мэдэгджээ. Мөн Киевийн эсрэг агаарын цохилтууд “бараг нэг долоо хоног тасралтгүй үргэлжилж байгаа” бөгөөд Москвагийн аюул занал өмнөх саруудынхаас буураагүй гэж онцолсон байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагийн орой Оросын хийсэн томоохон цохилтын улмаас Киев болон бусад бүс нутагт дөрвөн хүн амиа алдаж, 100 орчим хүн шархадсан гэжээ. Харин Москвагийн зүгээс эдгээр довтолгоог Оросын эзэлсэн Старобильск хот дахь оюутны дотуур байранд Украин халдсан гэх мэдээллийн хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байна. Оросын тал уг халдлагын улмаас 21 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн бол Украины цэргийнхэн энгийн иргэдийг бус, Оросын элит нисгэгчгүй онгоцны ангийг онилсон гэж мэдэгджээ.
Тавдугаар сарын эхээр Москвагийн Ялалтын баярын үеэр зарласан түр гал зогсоох хугацаа дууссанаас хойш Орос улс Киев рүү удаа дараа пуужин, нисгэгчгүй онгоцны довтолгоо хийсээр байгаа аж.
Сүүлийн дайралтын үеэр Орос улс хэдэн арван баллистик болон далавчит пуужин, мөн хэдэн зуун нисгэгчгүй онгоц ашигласан байна. Киевээс өмнө зүгт орших Била Церква орчимд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтой “Орешник” хэт авианы пуужин харвасан талаар мэдээлжээ. Довтолгооны улмаас Киевийн түүхэн дүүрэгт байрлах Чернобылийн музей, Украины Үндэсний урлагийн музей зэрэг иргэний байгууламжууд эвдэрч сүйдсэн байна. Мөн Лукановка орчмын худалдааны төв, зах болон хэд хэдэн орон сууцны барилга өртжээ.
Даваа гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярьж, Америкийн дипломатчдыг Киевээс нүүлгэн шилжүүлэхийг уриалсан талаар Москва мэдэгдсэн байна.
Үүний дараа М.Рубио “Украин ч бай, Орос ч бай томоохон цохилтууд энэ дайн ямар аймшигтай болохыг дахин харуулж байна” хэмээн мэдэгдэж, “АНУ дайныг зогсооход туслахын тулд боломжтой бүхнийг хийхэд бэлэн” гэж онцолсон байна. Олон улсын ажиглагчид Оросын гадаадын иргэдэд хандан гаргасан анхааруулгыг сэтгэл зүйн дарамт шахалтын нэг хэлбэр гэж үзэж байна. Гэсэн ч дөрвөн жил гаруйн дайны хугацаанд Украин олон давхаргат агаарын довтолгооноос хамгаалах системээ мэдэгдэхүйц бэхжүүлж чадсан байна.
Эх сурвалж: BBC