Нийслэл хотын нүүр царай болсон Сүхбаатарын талбай сүүлийн жилүүдэд томоохон арга хэмжээ болгоноор л том цагаан асар, задгай худалдаа эрхлэгчдээр дүүрч, “хоёр дахь Нарантуул” мэт дүр зурагтай харагдах болсон.
Тодруулбал, сүүлийн нэг сарын хугацаанд төв талбайд хоолны фестиваль, номын баяр, циркийн тоглолт, автомашины үзэсгэлэн, спортын өдөрлөг зэрэг олон нийтийн арга хэмжээ ээлж дараалан зохион байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор том хэмжээний асар майхан байнга баригдаж, худалдаа үйлчилгээ төвлөрөх болсон нь талбайн үндсэн төрхийг алдагдуулж байна гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Түүнчлэн жуулчид, гадны зочдын хамгийн түрүүнд очдог нийслэлийн төв талбай эмх замбараагүй худалдааны бүс болж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг онцолж байна.