ФОТО: Феррари анхны бүрэн цахилгаан, 640 мянган ам.долларын үнэтэй автомашинаа танилцууллаа

ФОТО: Феррари анхны бүрэн цахилгаан, 640 мянган ам.долларын үнэтэй автомашинаа танилцууллаа

Италийн тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч Ferrari анхны бүрэн цахилгаан автомашин болох “Люче” загвараа танилцуулсан байна. 640 мянган ам.долларын үнэтэй уг загвар нь Ферраригийн уламжлалт хэв маягаас эрс өөр шийдэлтэйгээрээ олны анхаарлыг татаж байна.

“Люче” нь Ферраригийн түүхэн дэх анхны таван хүний суудалтай цахилгаан супер автомашин бөгөөд Jony Ive-ын үүсгэн байгуулсан LoveFrom студитэй хамтран бүтээжээ. Ферраригийн гүйцэтгэх захирал Бенедетто Винья “италиар “гэрэл” гэсэн утгатай Люче загварыг хөгжүүлэхэд зургаан жил орчим хугацаа зарцуулсан” гэж мэдэгдсэн байна.

Шинэ загвар дөрвөн дугуй тус бүрдээ Ферраригийн өөрсдийн бүтээсэн цахилгаан мотортой бөгөөд 0-96 км/цагийн хурдыг ердөө 2.5 секундэд авах чадалтай аж. Мөн компанийн зүгээс автомашины бүх эд ангийг дотооддоо үйлдвэрлэж байгаа нь засвар үйлчилгээ болон дахин борлуулалтын үнэ цэнийг хамгаална гэж онцолжээ.

Гэвч “Люче”-ийн танилцуулга сошиал орчинд эрс тэс хариу дагуулсан байна. Зарим хэрэглэгчид “Феррари яг Ягуар шиг брэндээ сүйтгэлээ”, “энэ машин шууд хогийн цэг рүү” хэмээн шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь “дизайны жинхэнэ мастер класс” гэж магтжээ. Ферраригийн ерөнхий дизайнер Флавио Манзони шүүмжлэлийн талаар “шинэчлэл болгон эхэндээ маргаан дагуулдаг” хэмээн тайлбарлаж, хүмүүс ирэх саруудад энэ загварыг өөрөөр үнэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн автомашины салбар цахилгаан автомашинд шилжих явцдаа томоохон сорилтуудтай тулгарч байгаа юм. Lamborghini бүрэн цахилгаан супер машин гаргах төлөвлөгөөгөө хойшлуулж, эрлийз загварт төвлөрөх болсон бол Porsche Хятад дахь борлуулалт муудсан болон АНУ-ын тарифын дарамтаас шалтгаалан цахилгаан автомашины стратегиа танасан байна. Мөн Jaguar шинэ цахилгаан концепт машинаа танилцуулах үеэр уламжлалт хэв маягаасаа хэт холдлоо гэсэн хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байсан юм.

Барууны автомашин үйлдвэрлэгчид Хятадын үйлдвэрлэгчдийн ширүүн өрсөлдөөнтэй нүүр тулж байгаа энэ үед Феррари харьцангуй тогтвортой байр сууриа хадгалсаар байна. Учир нь тус компани өндөр үнэтэй, хязгаарлагдмал тооны автомашин үйлдвэрлэдэг стратеги нь зах зээлийн дарамтаас тодорхой хэмжээнд хамгаалж байгаа аж. Гэсэн хэдий ч дэлхий даяарх инфляци болон тансаг хэрэглээний эрэлт саарсантай холбоотойгоор Ферраригийн хувьцаа сүүлийн нэг жилийн хугацаанд 25 гаруй хувиар унасан байна.