Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын захирамжаар 2024 оны наймдугаар сард Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар томилогдсон Ч.Төгсдэлгэр өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.
Тэрбээр уг албан тушаалд томилогдох үедээ “Z” үеийн төлөөлөл хэмээн онцлогдож байсан. Ч.Төгсдэлгэр нь “Шинэ Монгол” сургуулийг төгссөн, Япон улсад нийтийн тээврийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан нэгэн юм. Сүүлийн өдрүүдэд түүнийг ажлаа өгсөн нь Авлигатай тэмцэх газрын шалгалттай холбоотой гэх мэдээлэл гараад байсан.
Тэгвэл уг асуудлаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад “Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрт хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нэг жилийн өмнө хэрэг бүртгэл нээсэн” гэдгийг мэдээллээ. Мөн түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх зүйл ангиар шалгаж байгаа аж.