Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг энэ сарын 25-наас 6 дугаар сарын 5-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.

Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг “Өнөөдрийн вакцин-Маргаашийн хамгаалалт” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байгаа юм. Дархлаажуулалт нь хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга аж. Товлолын вакцинд бүрэн хамрагдсанаар хүүхэд өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаалах ач холбогдолтойг эрүүл мэндийн байгууллагууд онцолж байна.

Мөн дархлаажуулалтын ач холбогдол, вакцины дараах урвал, хүндрэл болон нөхөн дархлаажуулалтын талаарх зөв, баталгаатай мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас авахыг зөвлөв. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ дархлаажуулалтын товлолыг өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад шалгуулж, хоцорсон вакцинд нөхөн хамруулахыг уриаллаа.